Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”
Зохиогч: Erik Izraelewicz
Нэгдүгээр бүлэг
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”
Зохиогч: Erik Izraelewicz
Нэгдүгээр бүлэг
Хятад улс 25 жилийн өмнөөс томоохон бүтээн
байгуулалтуудаа эхлүүлж, өдгөө хэдийнэ даль жигүүрээ дэлгэн өндөрт нисээд
байна. 1979 оноос эхлэн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар
8-9%-ийн өсөлттэй байж ирсэн ба өнгөрсөн 25 жилд 7 дахин өсчээ. Үүнийг олон
улсын байгууллагуудын хийсэн тооцоо баталж байна. Дэлхийн банкны судалгаагаар
Хятадын одоогийн GDP /2005 он/ 1 их наяд 500 тэрбум ам.доллор ба дэлхийд Итали,
Францын дунд буюу зургадугаар байранд бичигдэж байна. Улс бүр өөр өөрийн гэсэн
үнийн тогтолцоотой байдаг тул зарим эдийн засагчид валютын зах зээл дээр хөрвөх
ханшаар харьцуулан үнэлж дүгнэхийг таашаадаггүй. Ялгааг арилгахын тулд, тэд улс
бүрт нэг сагсаар тооцож, худалдан авах чадварыг үнэлэх замаар эдийн засгийн
чадавхийг тооцоолохыг санал болгодог. Энэ аргаар тооцоолоход Хятадын дотоодын
нийт бүтээгдэхүүн дэлхийд хоёрдугаарт, Америкийн дараа бичигдэнэ.
Хятад хүмүүс эдийн засгийн өсөлтөөсөө бүгд ашиг хүртэж
буй. 25 жилийн турш хятад хүний дундаж орлого 4 дахин өсчээ. Дэлхийн банкны
тооцоогоор хятадын нэг хүнд ноогдох дундаж орлого 1978 онд 190 ам.доллор байсан
бол 2004 онд 1000 ам.доллор орчим болж, 400 сая хятад хүнийг нэн ядуу байдлаас
нь салгасан байна. Өмнө нь хятадад телевизор, унадаг дугуй, телефон утас
зэргийг тун ч цөөн хүн хэрэглэдэг байсан бол одоо хэдийнэ нийтийн хэрэглээ
болжээ. Өнгөрсөн 25 жилд хятад хүний өдөрт хүнснээс авах калорын хэмжээ 1/3-аар
нэмэгдсэн нь тэдний дундаж наслалтын өсөлтөнд огт нөлөөлөөгүй биш юм. Энэ улсын
хүн ардын дундаж наслалт 1970 онд 61,7 байсан ба сүүлийн 30 жилд 10 насаар өгч 71
болсон. Нялхсын эндэгдэл 1978 оны 41%-аас 2000 он гэхэд 10 хувиар буурсан
үзүүлэлттэй байна. Энэ нь ч наслалт уртассаны нэг шалтгаан юм. Өнөөдөр хятадад
дөнгөж мэндэлсэн залуу хятад эр 68 нас хүртэл, охид 72 хүртэл наслах ирээдүйтэй
юм.
Ид бүтээн байгуулалтан дунд явж буй энэ улсад тракторууд дэндүү
их өөрчлөлт авчирсан. Эртний Сихөюань /4 талаараа байшинтай хүрээ/, хутун мухар
гудамж, худалдаачны гудмыг хайр найргүй газартай нь тэгшилснийг зарим хүн ихэд
эсэргүйцдэг хэдий ч хотын иргэд хуучин хүрээ байшингаасаа шинэ үеийн эдийн
засгийн хэмнэлттэт орон сууцанд шилжин орж, өргөгч машинууд өдөр шөнөгүй
ажилласаар, урьд өмнө байгаагүй их хурдаар хотын төвийг дахин дахин шинээр
босгосоор. Бээжингийн тавдугаар тойргийн авто замын сүлжээ /Хотыг бүхэлд нь тойрсон
авто зам 180 километр ч хот бас л түгжирсээр/-г барьж дуусуутаа зургадугаар
тойргийг барьж эхэллээ. Энэ тойрог замын нээлтэн дээр Бээжингийн нэгэн үл
хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг хувийн бизнесмен “Бээжингийн 10 дугаар
тойргийн зам Токиод хүрэх байх” гэж тоглоом хийн ярьж байсан юм.
Хятадын хот төлөвлөлт муу гэж Европынхон зэмлэхэд Хятадын
удирдагч тэр жил Парисын тухай дурдсан юм. Өмнө нь Парис ч мөн Хятадын хотуудын
нэгэн адил өөрчлөлтөнд байсан түүхтэй. Хауссмен Парисын зам харгуйг барихаар
төлөвлөхдөө замын хажуух ногоон цэцэрлэгүүдийг огт тооцоолоогүй. Хожмын
барилгачид ч нэг их гоо сайхан үзэмжийг анхааралгүй, мөн л төмөр, цемент,
туйпуйгаар барилга барьж байсан. Урьдын Европд тохиолдож байсантай адил хөдөөгийн
тосгоны хүн ам хот суурин газар ихээр нүүдэллэх болсон нь өнөөгийн Хятадын дэд
бүтцийн бүтээн байгуулалтад маш их дарамт учруулж байна. Түүгээр зогсохгүй
хөдөөгийн тариаланчдын хот руу нүүдэллэх хурд тэр үеийн Европын улс орнуудтай
зэрэгцүүлшгүй их байгаа юм. 1978 онд Хятадын хүн амын 20% нь л хот сууринд
амьдарч байсан бол одоо энэ тоо 40%-д хүрээд байна. Хятадад өнгөрсөн 25 жилийн
дотор буй болсон энэ үзэгдэл, үйл явц Америкийн 50 жилийн түүхэнд буй болсон. 2020
он хүртэл дахин 300-500сая хүн хот суурин руу нүүдэллэн суурьшихыг Хятадын
засгийн газар тооцоолсон ба ирэх 15 жилд Хятадад Паристай адил хэмжээтэй хотыг сар
бүр шинээр бүтээн байгуулах зайлшгүй хэрэгцээтэй болж байна.
Хотын бүтээн байгуулалтаас гадна өргөгч кранууд Хятадын асар
том аж үйлдвэрийн базын бүтээн байгуулалтад оролцож байна. Хятад яг одоо
тосгоны соёлоос хотын соёл руу шилжиж, газар тариаланд түших байдлаа аажмаар
халж, аж үйлдвэрийн эрин рүү орж байгаа нь түүний хувьсгалын нэг тал юм. 20
дугаар зууны 70 оны сүүлчээр тариаланчид улсынхаа ДНБ-ий 1/3 –ийг бүтээж байсан
бол 2000 оны эхэнд энэ тоо 15% болж буурсан үзүүлэлттэй байна. Нэгэн том баялагийн
дахин хуваарилалт эхэллээ. Түүнд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Хүний
нүд бөлтийлгөн чих дэлдийлгэх олон оронтой тоо бүхий маш олон төслүүд зарлагдах
болжээ. Хятадын жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ДНБ-ийнх нь 45% орчмыг
эзэлж байгаа нь өмнөх аж үйлдвэрийн хувьсгалын үед хэзээ ч гараагүй амжилт юм. Ажилчид
нэхмэл сүлжмэл, бэлэн хувцас зэрэг уламжлалт аж үйлвэр төдийгүй электрон техник,
машин үйлдвэрлэл зэрэг орчин үеийн дэвшилтэт аж үйлвэрийн салбарт ихээрээ
оролцох болсон нь энэ улсын эдийн засгийн хөгжлийн мотор болж буй. Өнгөрсөн 25
жилд бүх төрлийн үйлдвэрлэлд хятад ажилчдын оруулж буй хувийн эзлэхүүн
тасралтгүй өсөн нэмэгдсээр ирсэн юм.
没有评论:
发表评论