2012年12月8日星期六

Хятадын Ардын өдрийн сонин: Монголын Ломбард буюу бичил банк

蒙古国:当铺成了“小银行”
《人民日报》2010年02月01日  记者霍文
Ардын Өдрийн сонин 
2010 оны 02 сарын 01
Сэтгүүлч ХүоВэнь
 
Энэ бол Улаанбаатар хотын нэгэн Ломбард. Үүдэн дээрээ 5-8% гэж бичсэн байгаа нь зээлийн хүүгийн хэмжээг зааж буй юм. 
 
Монголын нийслэл Улаанбаатар хотын том жижиг гудамж талбайн аль ч булан тохойд “Ломбард” гэсэн хаягтай жижиг зээлийн мухлагуудыг харж болно. Энэ бол монголын жирийн ардын үйлчлүүлдэг “бичил банк” юм. Саяхан манай сонины сурвалжлагч Улаанбаатарын нэгэн Ломбардад очиж тэдний үйл ажиллагаа болон барьцаалан зээлдүүлэх дүрэм журам, үйл явцтай танилцсан юм.

Ломбард ажиллуулахад тогтмол орлоготой байдаг.

1 дүгээр сарын энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Цельсийн хасах 30 хэм хүртэл хүйтэрч байгаа хэдий ч Хан-Уул дүүрэгт байх нэгэн ломбардад харин хүний хөл тасрахгүй бас дулаахан байх аж. Энэ бол Пүрэвээгийн ломбард. Арван хэдэн метр квадрат нэг өрөөг ханаар тусгаарлаж, жижигхэн цонх гаргасан байна. Цонхоор барьцааны эд зүйлсийг авдаг бололтой. 40 нас шүргэж яваа болов уу гэмээр залуу бүсгүй Пүрэвээ энэ ломбардыг араваад жил ажиллуулсан гэнэ. “Манай Ломбард жижгэвтэр учраас орлого ч тийм их биш. Гэхдээ тогтмол орлоготой байдаг шүү” гэсэн түүний хэвлүүхэн ярианаас ажилдаа нилээд сэтгэл хангалуун байдаг байх гэж бодогдсон юм.

1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, чухам энэ үеэс л Ломбард эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Энэ нь “Зөвхөн зарж, үрэхийн тулд мөнгө олдог”, “Мөнгө хуримтлуулах тухай ойлголтгүй” монголчуудын туйлширсан хэрэглээний үзэл ухамсартай шууд холбоотой гэж Пүрэвээ бидэнд ярьсан юм. Ломбарднаас зээл авах нь Банкинд хандахаас хамаагүй хялбар, төвөг багатай байдаг нь жирийн иргэдийг татдаг нэгэн шалтгаан юм. Албан бус мэдээнээс үзэхэд 2.7-хон сая хүн амтай Монгол улсад хэдэн мянган Ломбард байдаг гэнэ.

Монголд Ломбард нээн ажиллуулах хялбар байдаг аж. 1 сая төгрөгөөр лиценз аваад, 8 метр квадратаас доошгүй хэмжээтэй нэг өрөө байхад л хангалттай гэж Пүрэвээ ярьсан юм. Ломбард нь энгийн дэлгүүр хоршоог бодвол хулгайн дохиолол, дуран камер бүхий харуул хамгаалалтын системийг илүү сайн суурилуулах ёстой. Мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын ерөнхий газар, татварын газар зэргээс Ломбард ажиллуулах зөвшөөрөл авдаг гэнэ.

Ломбардны үүдэнд байх “5-8%” гэсэн тоонуудын учрыг Ломбардны эзэн бүсгүйгээс асуухад, энэ нь зээлийн хүүгийн хэмжээ бөгөөд барьцаалах эд зүйл хийгээд зээлийн тоо хэмжээнээс шалтгаалан зээлийн хүү, төлөх хугацаа нь харилцан адилгүй байдаг гэж хэлсэн юм. Тухайлбал, 1 сая төгрөгний зээлийн хүү нь 5 %, харин түүнээс доош бол 8 % -аар тооцдог. Ерөнхийдөө хугацаа нь богино байх тусам хүү нь бага байдаг гэнэ. Зээлийн төлөх хугацаа хамгийн багадаа 7 хоног байдаг гэж Пүрэвээ бас хэлсэн юм.

Ломбард согтуу хүмүүст үйлчлэхгүй.
Энэ үед Заяа гэх нэгэх эмэгтэй Ломбардад ирж, алтан ээмэгээ барьцаалан мөнгө зээлэх боллоо. Пүрэвээ Заяагийн ээмэг болон иргэний үнэмлэхийг шалгаж үзэсний дараа жинлүүр дээр ээмгийг тавилаа. “Энэ ээмэг 50 мянган төгрөг болох юм байна. Сарын 5%-ын хүүтэй 35 мянган төгрөг өгч болно ” гэж Пүрэвээ хэлтэл Заяа зөвшөөрөв. Ингээд гэрээнд байгуулсны дараа Пүрэвээ Заяад мөнгө өглөө. “Зээлсэн мөнгөөрөө юу хийх вэ? ” гэж сэтгүүлч Заяагаас асуухад тэр хариуд нь “Цагаан сарын юм хум авахдаа нэмэрлэнэ ш дээ.” гэсэн юм. Үнэндээ Заяа шиг аминд тулсан хэрэгцээнээсээ болоод Ломбард руу гүйх хүмүүс монголд маш олон.

Пүрэвээгийн хэлснээр нэг сарын дараа Заяа 35 мянган төгрөгөө 5 хувийн хүүтэй нь өгчихвөл ээмэгээ буцаан авч болох юм. Гэхдээ зарим хүн мөнгөгүйн улмаас зээлийн хугацаагаа дахин дахин сунгуулах болдог бол зарим нь бүр шууд л “Зээл төлөх мөнгөгүй ээ” гээд хэлчихдэг гэнэ. Ийм үед Ломбард барьцаалсан эд зүйлсийг зарж борлуулахаас өөр аргагүй болдог. Ийм байдлыг нарийн мэддэг хүмүүс Ломбарднаас хугацаа нь хэтэрсэн зээлийн барьцааг хямд үнээр худалдан авч цааш нь дамлан зарж, дундаас нь ашиг олдог. Санхүүгийн хямралаас болоод өнгөрсөн нэг жил гарангийн хугацаанд зээлийн хугацааг сунгуулах юмуу хэтрүүлэх байдал нилээд газар авсан гэж Пүрэвээ бас ярьсан юм.

Ломбардны ханан дээр дээр нь “Тус Ломбард иргэний үнэмлэх бүхий насанд хүрсэн хүнд үйлчлэнэ. Насанд хүрээгүй болон согтуу хүнд үйлчлэхгүй ” гэж бичсэн анхааруулга наасан байх нь нүдэнд туслаа. Ломбард ажиллуулахад бас багагүй эрсдэл байдаг тухай Пүрэвээ сэтгүүлчид хэлсэн. Байр, байшин, машин, гэрийн цахилгаан бараа, ээмэг бөгж гэх мэтийг барьцаалан Ломбарднаас зээл авч болно. Эрсдлээс зайлсхийхийн тулд зээлдэгчийн иргэний үнэмлэх болон барьцааны эд зүйлийг баталгааны бичиг зэргийг сайтар шалгадаг. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал эдгээр нь баримт болдог. Зарим томоохон барьцааны эд зүйлийг нотариатаар батлуулсны дараа зээл олгогддог байна. Энэ бүх арга хэмжээг авах нь тэднийг эрсдэлд оруулахгүй байх боломжийг өсгөдөг юм.

没有评论:

发表评论