2012年12月14日星期五

Нэгдүгээр бүлэг хэсэг 3: Тогоруу юу луу юу?

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

 Зохиогч: Erik Izraelewicz
          Нэгдүгээр бүлэг    

“Хятад лууг биш тогорууг бэлгэ тэмдэгээ болгох ёстой” гэж Чинхуа их сургуулийн эдийн засагч Хү Аньган Бээжинд тавьсан илтгэлдээ дурдсан юм. /Grue нь франц хэлэнд тогоруу гэдгээс гадна кран буюу өргөгч машин гэсэн утгатай./ Үнэхээр Хятадын газар сайгүй тэнгэр тулж, нар халхалсан өндөр өндөр кранууд эгээ л тогоруун цуглаан юу гэлтэй сүндэрлэх аж. Барууны нэгэн мэргэжилтэн энэ зууны эхээр дэлхийн бүх кран машины тэн хагас нь Хятадад ажиллаж байсныг тооцоолсон. 2002 оноос эхлэн, Хятад улс кран, өргөгч машин, робот гээд бусад бүх төрлийн барилгын машин техник хэрэгслийн дэлхийн хамгийн том зах зээл болж, Америкийг давах болсон юм. Аварга усан сан, онгоцны буудал, далай дээгүүрх машин зам, гүүр, цоо шинэ оффис, орон сууцнууд, далайн түвшнээс дээш өргөгдсөн дэлхийн хамгийн өндөр төмөр зам, үйлдвэр, театр, музей......яг л тэр жилийн Англи, Франц эсвэл Америк шиг, Хятад улс бүх дэлхийн уран барималч, барилгын архитектуруудыг татсан үнэхээр том бүтээн байгуулалтын улс гүрэн болжээ. Хүмүүс энд хаа сайгүй зам, барилга барьж босгож байна. Хатуу хучилттай автозамын сүлжээ нь 1 сая 300 мянган километр, 2020 он гэхэд энэ тоог 2.5 саяд хүргэх зорилт дэвшүүлжээ. Дэлхийн нэрт архитектур Францын Паул Андрей, Английн Норман Фостер, Голландын Рем Күүлхаас бүгд л нэг зүйлийг хүлээн зөвшөөрнө. “Энэ кранууд бол дэмий хоосон мөрөөдөл биш.” Хятадын цементийн хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний талыг эзэлж байгааг дэлхийн статистик тоо баримтууд харуулж байна.

2012年12月8日星期六

Гэрийн даалгавар: "Шанхайн Ислам хоолны газууд өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй" сурвалжлага

      “Ислам хоолны газар өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй” гэдгийг “Лан Жоу ислам хоолны газар”-ын үйлчлэгч Ма жүн үгүйсгэхгүй байна. Шанхайн Сун Жиан дүүргийн Оюутны гудамжинд байх энэ ислам хоолны газар хичээлийн өдрүүдэд оюутнууд тасардаггүй, гэхдээ амралтын өдрийн энэ өглөө хөл хөдөлгөөн тун бага байна. Өглөөний 10 цагийн байдлаар дөнгөж 5 дахь үйлчүүлэгчийнхээ захиалгыг авч байна.      Хонь үхрийн махтай 50 нэр төрлийн хоолоор үйлчилдэг энэ хоолны газар амт чанартай, хямд хоолыг хурдан шуурхай хийдгээрэй бусдаас ялгаатай. Гурилтай шөл, будаатай хуурга гэсэн хоёр хоол захиалахад нийлээд 10 юань бөгөөд 10 хүрэхгүй минутанд хийж өглөө.
     Шанхай хийгээд өмнөд хятадад цөөн тааралдах алаг нүдтэй, хүрэл царайтай хүмүүс бол хоолны газрын эзэд болон үйлчлэгчид. Тэд бол Хятадын баруун хойд нутгуудаас ирсэн мусалман хүмүүс. Толгой дээрх тавган хэлбэртэй цагаан малгайгаар нь тэднийг амархан таньж болно. Хөх нуур мужаас ирсэн Ма жүн ч мөн тэдний нэг. 

Гэрийн даалгавар: Африкийн оюутан Тоффек Тоурүтэй хийсэн ярилцлага

   Техник технологийн хөгжлийн үрээр орон зай гэдэг ойлголт улам бүр хумигдаад байгаа юм шиг. Миний хэлэх гэсэн санаа бол ОРОН ЗАЙ бидэнд асуудал байхаа нэгэнт больжээ. Та хаана байхаас үл хамаараад шинэ технологийн хамгийн түгээмэл хэрэгсэл болсон гар утсаа шүүрч аваад юмуу эсвэл бичил компьютероо асаагаад л дэлхийн аль нэгэн буланд байх хэн нэгэнтэй Сайбер ертөнцөд нүүр тулан уулзах боломжтой болчихож. Одоо чухамдаа цаг хугацааны асуудлыг даваад шийдчихвэл ЖИНХЭНЭ СОЛИОРОЛ. Яг л "JUMPER" кинон дээр гардаг шиг. Гэхдээ энэ удаа СОЛИОРЛын тухай ярих гээгүй юм өө.
  Технологийн дэвшлийн буянаар бас олдошгүй дээд хувь тохиолоор миний бие Шанхайд сурахын хажуугаар Авирмэдийн Оюунгэрэл багшаар сэтгүүлзүйн хичээл заалгах болсон тухайгаа л ярих гэсэн юм. Заримдаа хэлний бэрхшээлээс болоод хятад багшийн лекцийг яс махандаа шингэтэл ойлгож ухаарахгүй үе бий. Яг л тийм мөчид Оюунгэрэл багшийн хичээл болон түүний гаргасан "Олон түмний харилцааны онол" нэртэй ном нь надад дэндүү сайн мэдлэг, дэндүү сайн лавлах болж байна.

Шинхуа агентлаг 1975 оны мэдээ: ЗХУ Монголын газрын баялагийг дээрэмдэж байна.

Албани улсын "Эв нэгдэл" сонин: ЗХУ "Эдийн засгийн хамтын нийгэмлэг" нэрээр "Интеграцчлал" явуулна хэмээн худал сийгэж,"Хамтран ажиллах" нэрээр Монголын газрын баялагыг дээрэмдэж байна. Шинхуа агентлаг Тирана хот 
1975 оны 6 сарын 28 -ны мэдээ 

           Албанийн "Эв нэгдэл" сонин 28-ы өдрийн нийтлэлдээ "Эдийн засгийн хамтын нийгэмлэг" нэрийн дор "Интеграцчлал" явуулж буй Зөвлөлтийн үйл ажиллагааг эрс буруу шаав.  "Зөвлөлтйн явуулж буй Интеграцчлах үйл явц гэгч нь Кремлийн ордны зүүн Европ дахь боолчлолоо лавшруулах гэсэн оролдлого юм" хэмээн уг нийтлэлд бичжээ.
           Мөн түүнээс гадна "Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудаа улам их боолчилж, мөлжихийн тулд Барууны орнуудын жишгийг дагаж улс дамнасан эдийн засгийн байгууллага байгуулан, түүний гишүүн орнуудыг Зөвлөлтийн нутаг дэвсгэрт асар их хөрөнгө оруулахыг шаардан, цаашлаад зарим орныг Зөвлөлтийн эдийн засгийн бүтцээс бүрэн хараат болгож байна. ", "Зөвлөлт өөрт нь ашиггүй салбарын хэрэггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн шалтгаанаар "Зохицуулах төлөвлөгөө", "Хамтын ажиллагаа" нэрийн дор зарим улс орны үндэсний томоохон корпорациудыг хаалгаа барихад хүргэж, харин заримыг нь Зөвлөлтийн компанитай хамтран ажиллахыг хүчээр тулгаж байна. " хэмээн нийтлэлд бичжээ.

Нэгдүгээр бүлэг хэсэг 4: Хятадын GDP өсөлт ба адуу шиг хурдлах эрсдэл

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

 Зохиогч: Erik Izraelewicz
          Нэгдүгээр бүлэг    
Адуу шиг хурдлах эрсдэл     

Жон Смит бол типичний Англи эр. Тэр хэдэн үеэс нь өвлөгдөн ирсэн ферм ажиллуулдаг. Том хүү нь түүний үйл хэргийг залгамжилсан. Харин бага хүү нь үйдвэрт галт тэрэгний эд анги угсардаг. Түүний ач нар нь ферм, газар тариалангаас хол хөндий бөгөөд хотод амьдарцгаадаг. Нэг нь багш, нөгөө нь инженер, бусад нь бизнес эрхэлцгээдэг. Гуч нарыг нь бол дурдаад ч хэрэггүй. Компьютерийн тоглоомын программ зохионо, хүнийг клоний аргаар лаборторит гаргаж авах судалгаа хийнэ, радио телевизэд ажиллана.....гээд л.Магадгүй тэднийг музейд аваачиж үзүүлбэл л үнээний сүү, өндөг, улаан дарс хаанаас бий болдгийг ойлгох байх.Англи болон Европын бусад улс оронд, Америкт аж үйлдвэрийн хувьсгал үе үеийг дамжин аажмаар явагдаж байсан бол Хятадад байдал огт өөр.

Темкагийн төрсөн өдөр ба Монгол төрийн “Хятаджих” бодлого

-Ах аа, 11 сарын 26-нд хичээл амрах болов уу?
-Улс даяар амрахгүй байхаар болсон юм биш үү? Яагаад гэвэл...
-Аан нээрээ, Темкагийн төрсөн өдрөөр амарсан ш дээ.
Хичээлийн амралт дуусаж, хүүхдүүд сургуульдаа цуглахын өмнөх амралтын орой дунд сургуульд сурдаг дүү нар маань хоорондоо ингэж ярихыг сонсуутаа дуугүй өнгөрч чадалгүй “-Алдас болно шүү. Эзэн богд Чингис хаанаа Темка ч гэх шиг” гээд зэмлээдхэв.

Темка гэснээс ер нь эсгий туургатны мандан бадралын бэлгэ тэмдэг, энэ цагийнханд бол идеал болсон тэр аугаа их хүмүүнийг өөрсдийн эгэл ахуйтай хутгаж, эхээс мэндэлснийх нь ойг ч биш, бүр жил болгон төрсөн өдрийг нь тэмдэглэж өгнө гэдэг дэндүү утгагүй хэрэг биш үү гэсэн бодол тэрхэн зуурт төрлөө.

Хэзээнээсээ манай монголчууд төрсөн өдрөө жил бүр тэмдэглэдэг уламжлал байхгүй. Хэзээ, хэнд ийм санаа төрдөг байна аа?

Хятадын хэвлэлд: Монгол улс Хятад Оросыг алгасан “Азиас Европ руу” харайхаар эрмэлзэж байна

Хятадын “Дорнын өглөө” сонин  
2011 оны 11 сарын 2
 
Хятад, Оросын хооронд хавчигдан орших Азийн нэгэн улс болох Монгол улс нь Америк, Япон, Солонгос зэрэг улс орон хийгээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), НАТО, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай “Гуравдагч хөрш”-ийн гэх гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.
       Хятадын умард хөрш Монгол улс “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогоо бодитоор идэвхтэй хэрэгжүүлж эхэлж байна. Монгол гэх энэ улс Хятад Орос хоёр улсын дунд орших Азийн улс бөгөөд Америк, Япон, Солонгос зэрэг улс орнуудаар зогсохгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, ЕАБХАБ, НАТО, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг ч “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогын төвөө болгон, улмаар Хятад Орос хоёр их хөрштэйгөө харилцах харилцаагаа тэнцвэржүүлэх нэрийн дор олон талт гадаад бодлогоороо Хятад Оросыг тогтоон барихаар хичээж байна.

Нэгдүгээр бүлэг хэсэг 2: Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”

Quand la Chine Change le monde….
“Хятад дэлхийг өөрчлөх үед….”
Зохиогч: Erik Izraelewicz
Нэгдүгээр бүлэг
Арьс нь гуужсан могой
La Mue Du Serpent 

Шэнь Жэнь хот 深圳市
Өнгөрсөн хэдхэн жилийн дотор энэ жижиг боомт үнэхээр их өөрчлөгдсөн. Бөглүүхэн жижиг суурингаас аж үйлдвэрийн том хот болтлоо хөгжсөн энэ газрыг зорьсон эх газрын мянга мянган ажилчин тариачны цуваа үл тасрах ажээ. Энэ бол яах аргагүй 18 дугаар зууны сүүлчээр Английн Манчестерт болсон аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеийн дүр зураг юм. Технологи, машин механизмын шинэчлэл хийгдэх болсноор газар тариалан эрхлэлт асар их хөнгөвчлөгдөн, улмаар хөдөө тосгонд сул хөдөлмөрийн хүчин болж хоцорсон тариачид амин зуулгаа залгуулахаар хот сууринг бараадацгаана. Тэд нүүрсний уурхай, оёдлын үйлдвэр болон бусад төрлийн компаниудад хөлсний ажилчин болно. За, чухамдаа Английн эдийн засаг ингэж л босч ирсэн юм. Аж үйлдвэрийн хувьсгалын дараах хэдэн арван жилийн турш тэд л дэлхийн эдийн засагт ноёлох хүчин болж байсан.

Нэгдүгээр бүлэг хэсэг 1: Хятадын өөрчлөлт буюу арьс нь гуужсан могой

Quand la Chine Change le monde….
“Хятад дэлхийг өөрчлөх үед….”
Нэгдүгээр бүлэг
Арьс нь гуужсан могой
La Mue Du Serpent
Шанхайн Пүдун шинэ дүүрэг

1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пүдун шинэ дүүргийн барилгын талбай дээр хүрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пү (黄浦江) мөрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдүйн “Шинэ дүүрэг”-т хүрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.

“Хятад дэлхийг өөрчлөх үед…” “Quand la Chine Change le monde” by Erik Izraelewicz

Номын зохиогч: Erik Izraelewicz
Эдийн засгийн ухааны доктор
2005 оны 2 дугаар сарын 2 нд Франц улсад хэвлэгдэв.

                      Өмнөх үг

“Хятад алив бүхнийг бүдэгрүүлж сааралтуулдаг ч зурвасхан гэрэл байсаар байна. Түүнийг эрж ол.” Паскаль “Idea”

Урьдын л нэгэн адил зул сарын модны доор бэлэг овоорч, халуун ам бүлээрээ цугларч бас нэгэн оныг хамтдаа үдэх боллоо. Хүн бүр тэсэлгүй өөр өөрийн бэлгийг задлахаар яарцгаав. Бяцхан Лафейрт оногдсон бэлгийн хайрцагнаас өнгө алаглан гялалзах модон галт тэрэг гарч ирлээ. Түүний үел ах Грегой хайрцагнаас газрын теннисийн хамгийн хөнгөн цохиурын тухай нийтэлсэн залуусын сэтгүүл гаргалаа. Агнес эгч тэнд зөөврийн компьютер хэрэглэх заавар нухацтай уншин сууна. Аав харин шинэ DVD тоглуулагчаа ажиллуулахаар оролдоно. Ээж болохоор баяртай нь аргагүй кашмер нөмрөгөөр биеэ ороож нэг үзнэ…… Урьд жилүүдийн зул сарын баяртай адилхан биш байна гэж үү? Огтхон ч адил биш. Энэ зул сарын баяр манай гэр бүлийн хувьд бас бусад франц айлуудын хувьд онцгой их “Хятаджсан” баяр боллоо. Тоглоом, теннисийн цохиурнаас өгсүүлээд зөөврийн компьютер, нөмрөг гээд бүх л бэлгэн дээр “Хятадад үйлдвэрлэв” гэж бичээстэй байх юм. Зул сарын модон доор өрөөстэй бүх бэлэг сэлтүүд, модон дээр өлгөөстэй тоглоом чимэглэлүүд,  жижигхэн санта өвөө гээд л бүгд Хятадынх, тэр ч бүү хэл энэ мод ч хүртэл Хятадынх.

中国陶宝网上被骗了 Хятадын Хакеруудад хулхидуулсан тэмдэглэл


За нэг нартай сайхан өдөр интернэтээр нэг инээдмийн юм захиалж авахаар сэтгэл шулууддаг юм байна (www.taobao.com Хятадын интернэт худалдааны том сүлжээ) аа.  Шанхайд ирснээсээ хойш интернэтээр (ихэвчлэн www.dangdang.com дээрээс ном болон бусад барааг авдаг) чамгүй олон худалдааг амжилттай хийсэн над шиг хүнд энэ удаагийн худалдаа ч юу ч биш санагдлаа. Дотроо бөөн итгэл л байлаа.

Хятадын хэвлэлд: Неолиберализм Монголыг “Шинэ баян” болгоно

Тиэнжин хотын “Өдрийн шинэ сонин” 
2011 оны 10 сарын 8-ны дугаар
Сэтгүүлч Ю Мань И

新自由主义造就蒙古“新贵”—我用资源换明天   
Би баялагаараа маргаашийг бүтээнэ
 
Европ Америкийн ихэнх улсын эдийн засаг буурч байгаа энэ цаг үед харин манай хойд хөрш Монгол улсад бизнесмен, хөрөнгө оруулагчдын хөл тасрахгүй байна. Монгол улс өнгөрсөн жил дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй улс болсон юм. Хэдийгээр энэ улсын гурван хүн тутмын нэг нь нүүдэлчин болон хагас нүүдлийн амьдралаа хадгалсаар байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал энэ улсыг “Шинэ баян” болгож байна.

Монгол бол дэлхий дээрх хамгийн том хуурай газрын орон, далайд гарцгүй бөгөөд түүний хамгийн ойрын далайн гарц бол 1500 км цаана алслагдах Тиэнжин боомт юм. Монголын газар нутгийн хэмжээ Герман улсыг 5 дахин өсгөсөнтэй ижил (1.5 сая км2), гэвч хүн ам нь ердөө 2.8 сая орчим. Ашиглагдаагүй асар их байгалийн нөөц, орд газрууд нь сүүлийн үед Монголыг хөрөнгө оруулагчдын анхаарлын төв дэх халуун цэг болгож байна.

Танилцах үдэшлэг буюу мартагдашгүй коммунист парти

          Тэнэг гэхэд тэмдэггүй коммунист партид оролцоод, сая л өрөөндөө ирлээ. Уг нь манай монголын их сургуулиудад болдог танилцах үдэшлэг шиг юмуу даа. 9 сард хичээл эхэлснээс хойш манай ангид анх удаа л парти маягийн юм зохиож байгаа нь энэ болой. Манай ангийн дарга Жан Руй болон Жан Шин нарын удирдлага дор, ангийн идэвхитэй хүүхдүүд хичээл ордог нэг ангийг энд тэнд нь шаар өлгөж, самбар дээр “我们闪闪发亮!” буюу “Бид Гялалзаж байна” гэсэн уриа маягийн үгсийг шохойгоор бичих  зэргээр нилээд баярын уур амьсгал оруулж чимэглэжээ. Ангийн хүүхэд бүрт баг зүүлгэж, П хэлбэрээр өрсөн ширээнүүд дээр мандарин, бохь, чихэр, печень гээд жижиг сажиг амттан тавьсан байлаа.

Тайзны гэрэлтүүлэг буюу хятад инженерээс сурсан зүйлс

Өвлийн амралтаар Монголд харихдаа нэг орчуулганд дайчлагдах хэрэг болов. Манай Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Өвөр Монголын Одон телевизтэй хамтран жил бүрийн цагаан сарын баяраар “Энх Мэндийн хадаг” нэртэй телевизийн бүтээл хийдэг бөгөөд үүнд нь Монгол Хятадын урлагийн одууд оролцдог уламжлалтай. Өнгөрсөн жил зураг авалт Өвөр монголд болсон бол энэ бар жилийн зураг авалт манай эх оронд болсон юм. Зарим нь санаж байгаа бол цагаан сарын шинийн нэгэнд манай телевизийн хөтөлбөрөөр энэ концерт гарсан.

Хятадын Ардын өдрийн сонин: Монголын Ломбард буюу бичил банк

蒙古国:当铺成了“小银行”
《人民日报》2010年02月01日  记者霍文
Ардын Өдрийн сонин 
2010 оны 02 сарын 01
Сэтгүүлч ХүоВэнь
 
Энэ бол Улаанбаатар хотын нэгэн Ломбард. Үүдэн дээрээ 5-8% гэж бичсэн байгаа нь зээлийн хүүгийн хэмжээг зааж буй юм. 
 
Монголын нийслэл Улаанбаатар хотын том жижиг гудамж талбайн аль ч булан тохойд “Ломбард” гэсэн хаягтай жижиг зээлийн мухлагуудыг харж болно. Энэ бол монголын жирийн ардын үйлчлүүлдэг “бичил банк” юм. Саяхан манай сонины сурвалжлагч Улаанбаатарын нэгэн Ломбардад очиж тэдний үйл ажиллагаа болон барьцаалан зээлдүүлэх дүрэм журам, үйл явцтай танилцсан юм.

Глобал Таймс: “Хятадууд Монголын газрын тосны хайгуулд 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийсэн”



МУ-ын ЗГ-ийн Х гишүүн:“Хятадууд Монголын газрын тосны хайгуулд 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийсэн ч ашиг тун бага хүртэж байна”

Хятадын Глобал таймс сонин
2009-10-27

Хятадын газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг хамгийн том компани болох Хятадын vндэсний газрын тос, байгалийн хийн компани (CNPC-China National Petroleum Corporation) Монголын газрын тосны хайгуулын салбарт 500 сая ам доллорын хөрөнгө оруулсан ч ашиг тун бага хүртэж байна хэмээн МУ-ын засгийн газрын нэгэн эрхэм гишүүний хэлснийг Ройтерс агентлаг 10 дугаар сарын 26 –нд мэдээндээ иш татсан байна.
Монгол улсын газрын тосны орд газрууд Монгол, Хятадын хилийн бүс нутагт голчлон төвлөрдөг. Тус улс 1997 онд анхны цооногоо амжилттай өрөмдөж, түүнээс хойш 30 гаруй мянган тонн түүхий тос олборлосон бөгөөд бүгдийг нь Хятад руу экспортлосон.

Солонгосын “Төвийн өдрийн сонин”: Хятад улс дэлхийн ураны баялагт шунахын учир



 

Солонгосын “Төвийн өдрийн сонин”
11 сарын 10 өдөр

Хятадын бүх анхаарал дэлхийн ураны баялагт чиглэж байна. Хятад уул уурхай, эрдэс түүхий эдийн нөөцөө баталгаатай болгохын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч ураны баялагт онцгой их ач холбогдол өгөх болсон нь илт. Энэ нь хоёр шалтгаантай, нэгд цөмийн эрчим хүчний ашиглалтаа дээшлүүлэх, хоёрт цэргийн зориулалт бүхий цөмийн зэвсэгээ сайжруулах.

Хятадын хэвлэлд: Монгол улс хөмхий зуусаар байна. 环球时报《蒙古不能放任对华制衡心态》



Хятадын Глобал таймс сонин
Хариуцлагатай редактор Дун Жин
2009 оны 11 сарын 02
Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүнгүй биз.
Гэвч Хятадын хөгжлөөс зүгээр хүртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггүй гэдгийг мэдмээрсэн.
Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд орших  “Дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар ” Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөд Хятадын “Aluminum” корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ.

Хятадын : “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй” 环球时报 《蒙古人心态复杂看中国》

Хятадын Глобал Таймс сонин
2009 оны 10 дугаар сарын 27
7 дугаар тал
Редактор Лү Чан Ин
Сэтгүүлч Хү Жиа

 
Эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч ард түмний ойлголцол тааруу байсаар байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт.

2012年12月7日星期五

Би мөрөөдөж байна. Яг Мартин Лютер Кинг шиг… I have a dream

2009-11-04 in Shanghai

Би мөрөөдөж байна. Яг Мартин Лютер Кинг шиг…
Мартин Лютер Кинг 1963 онд “Би мөдөөдөж байна” илтгэлээ тавьж байхдаа…

Би гэдэг хүн өнөөх хямралын гэгдэх үед УБ хотод өсөж төрсөн жирийн нэг иргэн. Бас өөрийгөө боловсролын системийн гажуудалд өртсөн үлгэр жишээ хэлмэгдэгч гэж боддог. Яагаад гэхлээр биднийг сургуульд ороход хуучин босоо монгол бичгийг нийтээр дэлгэрүүлнэ гээд А үсгийг монгол бичгээр зааж эхэлсэн. Хамгийн эхний монгол бичигтэн ангийн бид хамгийн сүүлчийн пионерууд байсан юм. Тэгээд хэд хэд анги үсрээд, бас нэг удаа анги доошилж ч үзсэн. Ингээд нийт сурсан жилээ тооцоод үзвэл ердөө 7 жил. Элэнц хуланцын сайн генийн буянаар бид нийгмийн шалгарал бүхнийг даваад өнөөдөр бусдаас төдий л их ялгарч доош орохгүй явна.  Завсрын үеийнхэн болох биднийг аав ээж ч тоох зав байсангүй. Нийгэм тэр аяараа хямарсан үе байсан шүү дээ. 7 жилийн дотор бүрэн дунд боловсрол эзэмшсэн мундаг хүүхдүүд гэмээр боловч гор нь өнөөдөр гарч ирээд,  юун талх, юун эдийн засаг, юун улс төр, наадам , цагаан сар….бидний толгой өвтгөсөн жинхэнэ асуудал болоод байна. Ямар асуудал мандсан бэ?

 -Номгүй хэлмэгдэгсэд

“Global Village” – Дэлхийн хүмүүс монголоор ярьж, монгол дээл өмсвөл….

2009-12-13 Шанхай хот

Энэ хэдэн өдөр Шанхайд хүйтэн бороо цутгасаар л байна. Би гэдэг хүн хөнжлөөсөө хамраа ч цухуйлгалгүй, орон дотроо laptop-оо тэврэн кино үзсээр хэвтлээ.Золоор дуртай кинонуудаа хаанаас хэзээ ч тааваараа үзэх сайхан боломжийг энэ эрин цаг бидэнд олгосон байх юм. Нэг талдаа энэ бол зүгээр л гайхамшиг. Гэвч зоос хоёр талтайг санахад илүүдэхгүй.

Найз аа, чи ямар кинонд дуртай вэ?

Манай өрөөний Африк охин Мари бол инээдмийн кинонд дуртай. Дээд давхрын Япон охин аймшгийн кинонд дуртай. Харин би аль алинд нь тийм ч дуртай биш. Гэхдээ тааралдвал бас үзнэ ээ үзнэ.Би өөрийнхөө дуртай киног яг тийм төрөл жанар гээд хэлчихэж чадахгүй нь. Ажиглаад байхад классик тал руугаа юм уу даа.

Умраас эгшиглэх урт дуунуудыг сонсохуйяа сэтгэл улам ч уясан догдолно…

Орчимд найзууд маань Монголоос шинэхэн цасны мэнд хүргэх боллоо. Тэр тоолонд Шанхайд бороошиж таарахыг яана. Бороотой бүрхэг өдөр, яс тогшсон зэвүүн хүйтэн үеэр гэртээ хурдхан буцаж очоод, дотно хайрт хүмүүстэйгээ будаатай цай уунгаа урьд хождын болсон хөгтэй хөөртэй явдлуудаа хуучлаад, дулаахан хөнжилдөө хамраа шургуулан суухсан гэж мөрөөдөнө. Нэгэнт хүний газар гүний нутагт эрдэм сурахаар ирсэн болохоор эндэх жихүүн хүйтнийг урьхан хонгор салхи мэт сэтгэж,  фронт руу цаашаа довтлоод л байхаас өөр аргагүй. Хэ хэ.

Заримдаа шантрах үе гарах юмаа. Тэр үед урт сайхан дуунуудаа сонсоно доо. Зөвхөн монгол нутагт унаж, монгол шороон дээр тоглож өссөн хүн л мах цусаараа, элэг зүрхээрээ мэдэрч чадах тэр л аялгуу дуунуудыг… Нэг удаа өрөөний Африк охин Мари маань уртын дуу сонсчихооп, “Сүда,,, Энэ тэгээд дуу юм уу? Яагаад үг хэлэхгүй байгаа юм бэ? ” гэж асууж байсан шүү. Хэдийгээр урлаг, тэр дундаа дуу хөгжим хил хязгааргүй эрхэм дээд зүйл хийгээд сонсголтой хэн гуай ч ойлгож чадах ч гэлээ уртын дууны гайхамшгийг бол зөвхөн монгол хүн л мэдэрч ойлгож чадах юм байна даа гэсэн бодол толгойд зурсхийж байсан. Уртын дуу хэдэн мянганы туршид уудам тал нутагт маань зүрхнээс зүрхэнд дамжин шуранхайлагдан ирсэн учир бид түүнийг чихээрээ биш элэг зүрхээрээ сонсох нь аргагүй байх даа.
Намжилын Норовбанзад 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм.

Хэд хоногийн өмнө “Монгол ардын уртын дуу” нэртэй нэг сайхан ном интернэтээр захиалж авсан юм. Өвөр монголын боловсролын хорооноос эрхлэн гаргасан энэ ном миний өмнө нь худалдан авсан “Монгол ардын дууны 100 бадаг” номыг  бодвол хамаагүй олон дуу багтаасан хийгээд Ар, Өвөр монголын уртын дуунуудыг олон хувилбар, үүх түүхийн хамт худан монгол бичгээр хэвлүүлснээрээ нилээд онцлогтой шиг санагдсан.

Шанхай хотоос “Монгол”-оо хайх нь


2009-11-20 in Shanghai

Нэг мэдсэн чинь Шанхай хотод ирээд 65 хоног өнгөөрсөн байх юм.
Хэдийгээр хичээл сургууль гээд зав муутай байгаа ч гэр орон, найз нөхөд, монгол нутгаа санагалзах нь цөөнгүй. Заримдаа монгол дуугаа сонсоод явж байхдаа учиргүй буцчихмаар, болдог бол шувуу шиг далавч ургуулаад нисээд харьчих юмсан гэж мөрөөдөнө. Бас энд тэнд явахдаа “Монгол”-ын гэх зүйл хайгаад нүд минь гүйчихнэ шүү дээ.
Гэхдээ сонин нь Шанхайгаас ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болохоор дог шүү.
Энд ирснээсээ хойш “Монгол түүх”, “Монгол соёл”, “Монгол” зүйлстэй бас цөөнгүй таарсан. Түүнийгээ та нартай хуваалцъя.

“Монгол түүх”

 

Алиса гайхамшгийн орноор буюу Шанхайн музейгээр аялсан тэмдэглэл

2010-04-26 in Shanghai


2010 оны 4 сарын 24- нд Шанхайн Монгол оюутны холбооноос сагсны тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд оролцох зорилго байгаагүй ч Дэлхийг тойрон аялагч Монгол Бадарчин Амай Шанхайд ирсэн сургаар түүнтэй уулзаж танилцахаар 22 -нд хэрэг болгон хотын төв рүү 2 цаг метродож байж хүрсэн авч, цаг дэндүү орой болсноос Монголчуудын Сагсны тэмцээн дээр сурвалжлахаар болсон юм. За ингээд л нэг өдөр хийх юмгүй гийюүрч  мөнгөө хий дэмий ходоод руу шидэж суухаар хотын төвөөр багахан аялал хийхээр шийдэв. Цагийг боломжийн өнгөрөөх нэг арга бол Музей үзэх. Энэ өдөр Музейд хүн багатайн дээр төлбөргүй байдаг тул эргэлзэх юмгүй шууд Музейг чиглэв. Шанхайн Музей Ардын Талбайтай бөөр нийлэн оршдог. 人民广场  Renmin Guangchang гэдэг буудал дээр буугаад л буудлын аман доор шахуу. Хоёр жилийн өмнө байгууллагынхаа дарга нартай хамт Шанхайд анх ирэхдээ энэ музейг үзэж байсан ч тэр үед цаг давчуу байсан болохоор нүд хужирлахаар зүйлс дээр удаан тогтож үзээгүй билээ. Энэ удаа бол ганцаараа, дээрээс нь мөнгөгүй шахуу байсан тул юу л байна цаг л байлаа даа.

Монголоо өмөөрөхүй, Монголоо муулахуй

2009-11-02 00:01 in Shanghai

Ирэх долоо хоногийн External communication гэдэг хичээл дээр би гэдэг хүн энэ хичээлийг сонгон судалж буй ганц гадаад оюутан болохын хувьд Сайхан Монгол орныхоо 2008 онд болсон онцлох мэдээнүүдээс ангийн хятад нөхөд болон багшид танилцуулах ёстой болчихоод энэ мөчөөс толгойгоо гашилган сууж байна.
        Мэдээж ангийн нөхдийн ихэнх нь Хятадын урд нутгуудаас болон Шанхайн хүмүүс учраас монгол орны тухай, тэр тусмаа манай хэвлэл мэдээллийн салбарын хөгжил цэцэглэлтийн тухай олигтой мэдээлэлгүй нь тодорхой. Тиймээс энэ удаа 2008 оны оцлох мэдээнээс түрүүлээд  Социолист монголоос хэрхэн Ардчилсан монгол болсон тухай, энэ өөрчлөлт Сайхан монгол оронд минь ямар зүйлүүдийг авч ирсэн тухай, тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарт ямар их өөрчлөлт, үсрэнгүй хөгжил гаргасан тухай товч яръя гэж бодож байна.
         Дээрх хэсгээ дуусгаад жинхэнэ даалгавартаа орны доо. 2008 онд болсон онцлох мэдээ гэдэг маань онцлох үйл явдалуудтай шууд холбогдох нь ойлгомжтой. Тэгэхээр бодоод байхад манайд болсон хамгийн том үйл явдлуудаас гэвэл Олимпиос медаль авчирсан Ардын таван баатарын тухай, Атрын гуравдугаар аяны тухай, Азийн чонын хортой архи олон хүний амь сүйдэлсэн тухай, эсвэл УИХ ын сонгуулийн тухай ярьж болохоор байна. Атал нөгөө  7 сарын 1-ий эмгэнэлт хар өдрийн тухай мэдээллээс илүү гарах онц мэдээ 2008 онд үгүй алга шигээ.

                               

Аав аа, хөрш айлын хүүхдүүд гоё сургуульд явах юмаа…..

          Өнгөрсөн долоо хоногт манай ангид External Communication in China гэдэг хичээлийг Проффесор Гуо Кэ орлоо. Энэ хичээл дээр би гэдэг хүн ганцаараа гадаад оюутан л даа. Бусад нь хятад оюутан учир багш ч нилээн шүүмжлэлттэй, ёстой Хүрлээгийн хэлдгээр ёстой Хурц хурц нийтлэлүүд гэдэг шиг ярьсан. Яг л бидний боддог, ярьдаг шиг зарим талаар хятад хүмүүс өөрсдийгөө бас л тэгж дүгнэдэг юм байна.
            Багш Хятадын хөгжлилд мөн л бидний ярьдаг шиг бяцхан дүгнэлт хийлээ.
Проффесор Гуо Кэ яриандаа : ” Хятад өнгөрсөн 60 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийсэн. Ялангуяа барилгажилт хийгээд технологийн талаар санаснаас их амжилт олсон. Гэвч хүний хөгжил түүнтэй зэрэгцэхүйц байсан уу ? Үгүй. Аливаа улс орны хүний хөгжлийг тодорхойлох нэг чухал хүчин зүйл бол дээд боловсролын тогтолцоо хийгээд их сургуулиудын хөгжил, тэдний сургалтын чанар байдаг. “

                                

ХХХ буюу Хятад Хүн Хоол

          Хятад хүн (Хань үндэстэнг голчлон хэлж байгаа бөгөөд үндэсний 55 цөөнхийг оруулаагүй болно) өөрийгөө Луу буюу Dragon -оос эхтэй гэх бөгөөд 5000 жилийн суурин соёл иргэншилтэй байж, өнөөдрийн хятад орныг бүтээсэн ажээ. Үнэндээ суурин соёл иргэншил гэдэг нь тэдний хувьд газар хийгээд газар тариалан гол амин зуулга болж, түүнийгээ хэдэн үе дамжуулан эрхлэх ба манайхны ярьдаг “Ямхын онол” -ыг айхтар сайн эзэмшсэн хүмүүс шүү дээ.  Зарим талаар бид ч түүнээс нь суралцмаар. Ямхын онолын тухай хэдэн үг цухас дурдахад, үнэхээр одоогийн хятад хүмүүсийн ясанд нь энэ үзэл нь шингээстэй байдаг гэхэд хилстэхгүй. Аливааг хийхдээ ямар олон дахин бодож, хэмжиж, ямар нөхцөлтэй байвал өөрт хамгийн түрүүнд хийгээд хамгийн их ашиг орж ирэх вэ гэдгийг таныг давсанд явсан хойгуур чинь л тооцоолчихсон байна шүү. (Бас өөрийг чинь мэдээгүй байхад л ямх ямхаар ашгийг өөрийн халаас руу урсгадаг тухай ойлголтыг ч багтаан ойлгож болох)
          Замын хүнээс нэг онигоо сонссон юм байна. Замын Үүдийн нэг цэцэрлэгчээс дарга нь асууж гэнэ.
          “За, ажил ямархуу явж байна? Нөхөр минь, яахаараа тавхан алхмын цаана байгаа Эрээнд болохоор зүлэг ногоо нь сайхан ургаад, харин таны энд чинь үнсчихээд буцаагаад өгий гэх ганц ногоон юм байдаггүй билээ? ” гэвэл Цэцэрлэгч монгол хариулж байна аа.
          “Үгүй ээ, дарга аа. Аргагүй шүү дээ. Энэ хятадууд чинь биднийг шөнө унтаж байхад нууцаар босоод биднээс илүү услаад байх юм чинь” гэжээ.
           Энэ бол хятад хүний амьдрал дахь жир үзэгдэл. Тэд үүнээс ч илүүг найруулж чадна. Миний доор бичсэн цаг агаарыг химийн аргаар сарниулсан тухай мэдээ бол бас нэгэн жир үзэгдэл. хэхэхэ. Ямартаа л Хятадууд 60 жилийн хугацаанд өдий болтол гэр орноо төвхнүүлээд, энгэртээ техник нь их хөгжөөд хүн нь хөгжөөгүй гэх тодорхойлолт зүүсэн ч саяхан болсон Их 20 -ийн уулзалтан дээр Ноён Хү Ноён Обамагийн хажууд нүүрний эгнээнд зогсох вэ. Тэдний хөгжлийн бас нэг чухал түрхүүр бол ямар ч үед өөрсдөөрөө бахархах үзэл.  Өө, тэнгэр минь, Хятад хүн өөрөөрөө ямар их бахархана гээч.  Энгийн тариачдаас аваад сэхээтэн анги бүлгэм хүртэл. Магадгүй энэ нөгөө бидний сүүлийн 20-оод  жил хараан зүхэж байгаа “Хүн бүр эрх тэгш” буюу Социолист үзэл санааны ач ч байж болох юм.  Өнөө дээр дурдсан 5000 жилийн суурин соёл болон Луугийн үр сад гэсэн үзлээ хэний ч Хятад аавын охин, ээжийн хүү давчуухан жижиг цээжээ цохиж байгаад хэлнэ ээ. Магад 100-тын дэвсгэрт дээр зурайх Мао даргын үеэс л энэ нь эхэлсэн байх дөө.

Наашаа & цаашаа

Одоо хоолны тухай яръя. Хэрэв та Хятадын хойгуурх нутгаар явбал хоолны цагийг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Тогтоож чадахгүй бол бичээд, утсан дээрээ сэрүүлэг асааж ч болно. Тэр жил Өвөрмонголд (Монгол үндэстэний нутаг гэх ч нийт хүн амын 60 аас илүү хувийг Ханьчууд эзэлж байгаа) очиход би гэдэг хүн хятад хэлтэй өчнөөн жил зууралдчаад, хоолны соёлыг нь сайн судлаагүйн улмаас лав л нэг, хоёр хоног халуун хоол хошуундаа хүргэж чадаагүй юмдаг. Хоол, хоолны цаг, хоолтой холбоотой соёл нь хятад хүний амьдралын утга учир ч байж мэднэ. Ямар ч байсан маш чухал. Хоолны цаг өнгөрлөө л бол хоол гэж байхгүй. Дараагийн хоолны цагаа хүлээх хэрэгтэй болно. Эсвэл замд хаа нэг таарах хурдан, хүйтэн хоолны газар хоол идэж болох юм.
Хятад хүмүүсийн өдөр тутмын чухал мэндчилгээний үгс нь хүртэл хоолтой холбоотой гээд ч бодчих.
Жавхлант манай улсын урд хөрш болох Хятад нөхдүүд өөртэй чинь болон хоорондоо мэндчилэхдээ цаг харгалзахгүй “Өө, Хоолоо идчихсэн үү ” , өдөр буюу үдэд  “Өдрийн хоолоо идсэн үү”, орой “Оройн хоолоо идчихсэн үү” гээд л асууна даа. Энэ бүх үгс нь зүгээр л “Сайн уу” гэсэн үг шүү.  Хэхэхэ. Манайхны нэг наймаачин л Дотор газар панз үсэргэж явжээ. Нэг хятад нөхөр л “Хоолоо идсэн үү ” гэж асууж, магадгүй хэл нэвтрэлцээгүй болохоор дохилцоод ч болсон ойлгосон байх л даа. Манай нөхөр уг нь хоолоо идсэн юм байж. Гэхдээ бас хөөрхөн дотор санаа гаргачих санаатай “Идээгүй, идээгүй” гэжээ. Мань хүний дотор санаа нь цаад дотор хүн өөрийг нь хоолонд дааж магад гэж бодсон хэрэг л дээ. Хахахаха. Хаанаас тэгэх вээ дээ. Дотор хүн чамаас маш чухал юмыг чинь салгах гээгүй л бол чамайг хоолонд оруулна гэж байхгүй. Санасны гарз.
Хэрэв чамтай хамтарч наймаа хийх гэж бодъё. Түүний тархинд ямар нэг алтан ялтас гялс хийж, тэгээд л чамтай хамтарч ажиллая гээд л бизнесээ ярихын тулд хоолонд оруулна аа. Дээр дурьдсан хятад хүн хэзээ ч өөрт ашиггүй зүйл хийхгүй. За тэгээд хоолон дээр нь хэрэв та бага идээд, тэдэн дээр анхаарлаа хандуулж чадах юм бол Ихэнх монгол хүн ороод л учиргүй иддэг тэд хоол огт идэхгүй байгааг олж харна аа. За яахав зарим нь хошуу хүргэнэ ээ, хүргэнэ бас…  Би нэг хятад хүнээс сонсч байсан юм байна. Тийм дайллагад очихоосоо өмнө өнөө биднийг дайлсан гар чинь гэртээ идэж идэж ирдэг гэж байна шүү. Яагаад гэвэл хоолон дээрээ зөвхөн бизнес ярихын тулд.
Нэгэнт хятад хүний амьдрал, ахуйн соёл нь хоолноос хоолны хооронд тул, танд зөвлөхөд хэрэв хятад хүнтэй ажил ярих гэж байгаа бол тэднийг заавал хоолонд оруулаарай. Маш сайхан тохилог үнэтэй газар. Чи хир үйлчилж байна. Тэд тийм л сэтгэгдэлтэй, мөн тийм л хандлагатай байна. Учир нь хоол бол тэдний хувьд магад шөнө хөнжилдөө эхнэртэйгээ байхаас бусад үед ярьдаг амин чухал сэдэв байх.
За цааш нь яриад байвал өчнөөн соёлын шоконд ором зүйлүүдийг дурдаж болно.
Энд ирээд бас нэгэн ажигласан зүйлээ хэлье. Миний ажигласнаар хятадын телевизүүдээр гарах нийт рекламны 70 хувь нь юу рекламдаж байгаагаас үл хамааран хоолны сэдэв дээр тулгуурлагдан бүтээгджээ. Реклам хийдэг гарууд хүртэл хятад хүний хувьд хоол ямар чухал болохыг мэдрээд, дандаа ходоодон дээр нь тоглолт хийж байна шүү дээ.
Нэгэн жишээ дурдая. Хятадад хөдөлгөөнт утасны томоохон хоёр оператур байдаг. Манайхаар бол Моби, Скайтел хоёр шиг юмуу даа. Нэгийг нь 移动, нөгөөг нь 连通 гэнэ. Энэ хоёр үйлчилгээгээрээ бас учиргүй өрсөлдөж, уралдах маягтай. Нэг нь саяхан шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тэр нь ойр дотны 5 хүн хоорондоо үнэгүй ярих үйлчилгээ. Үйлчилгээний рекламны зураг нь доор байна.  Метронд утсаараа авсан юмаа.
Метронд

        Рекламны зураг нь: Гал дээр нэг тогоо байна. Тогоон дотор баахан үгс буцлах юмаа. Тэр үгс нь “Байна уу?” “сайн уу” “Хоолоо идсэн үү” гэх мэт. хэхэхэ. Дандаа утсаар ярихдаа хэрэглэдэг үгс бололтой.
        Рекламны дээд талд “Хэзээ ч буцалж дуусахгүй mobile зутан” гэсэн гарчиг байх агаад өнөө шинэ үйлчилгээний утга л даа. Хятад хүний сэтгэхүйд муухай тааруулж ээ.
        Бас нэг телевизийн реклам дээр бохь рекламдаж байна аа. Залуу эр эм хоёр бас бус хүмүүстэй лифтэнд орлоо. Залуугаас эмэгтэй асууж байна. “Хоолоо идсэн үү?” гэж. хэхэхэ. Залуу “Идсэн”, хүүхэн “Юу идсэн?”гэхэд залуу “Сармистай юу юу юу, бас сонгиотой юу юу” гээд л нэрийг нь хэлэх юм. Тэгсэн чинь хүүхэн “Айн, яагаад ам чинь ямар ч үнэргүй байна ” гэж асуутал, Залуу нөгөө бохиныхоо нэрийг хэллээ.
         За тэгээд л хоолтой холбоотой рекламууд зөнзөө байна дөө.

2009, in Shanghai