2012年12月8日星期六

Хятадын хэвлэлд: Неолиберализм Монголыг “Шинэ баян” болгоно

Тиэнжин хотын “Өдрийн шинэ сонин” 
2011 оны 10 сарын 8-ны дугаар
Сэтгүүлч Ю Мань И

新自由主义造就蒙古“新贵”—我用资源换明天   
Би баялагаараа маргаашийг бүтээнэ
 
Европ Америкийн ихэнх улсын эдийн засаг буурч байгаа энэ цаг үед харин манай хойд хөрш Монгол улсад бизнесмен, хөрөнгө оруулагчдын хөл тасрахгүй байна. Монгол улс өнгөрсөн жил дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй улс болсон юм. Хэдийгээр энэ улсын гурван хүн тутмын нэг нь нүүдэлчин болон хагас нүүдлийн амьдралаа хадгалсаар байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал энэ улсыг “Шинэ баян” болгож байна.

Монгол бол дэлхий дээрх хамгийн том хуурай газрын орон, далайд гарцгүй бөгөөд түүний хамгийн ойрын далайн гарц бол 1500 км цаана алслагдах Тиэнжин боомт юм. Монголын газар нутгийн хэмжээ Герман улсыг 5 дахин өсгөсөнтэй ижил (1.5 сая км2), гэвч хүн ам нь ердөө 2.8 сая орчим. Ашиглагдаагүй асар их байгалийн нөөц, орд газрууд нь сүүлийн үед Монголыг хөрөнгө оруулагчдын анхаарлын төв дэх халуун цэг болгож байна.


Ази тивийн хамгийн Баруунжсан орон

20-р зууны 90-ээд оны үед, Монгол улс төр эдийн засгийн шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Улс төрийн хувьд нэг намын системээс олон намын системд шилжиж, харин эдийн засгийн хувьд чөлөөт зах зээлийн эдийн засаг буюу неолиберализмыг баримталсан юм. Өөрчлөлт шинэчлэлтийг дагаад Холливудын кинонууд Улаанбаатарт орж ирснээр хүмүүсийн өмсөж зүүх нь барууны хэв маягтай болсон бөгөөд англи хэл тэдний зайлшгүй эзэмших ёстой хэл болсон юм. Барууны соёлд улам ойртохын тулд Монголын засгийн газраас нийтээрээ крилл үсгийг халж, латин үсэгт шилжих тухай “Латин үсгийн мастер төлөвлөгөө” -г батлан гаргасан. Азийн бусад оронтой харьцуулахад Монгол улс яах аргагүй “Хамгийн Баруунжсан” улс юм.

Энэ улсад асар өндөр үнэтэй Европын брэнд хувцас өмссөн, гартаа Швед цаг зүүсэн, Бенз машин хөлөглөсөн хүн олон бий. Бас тансаг барилга хаусууд, европ жимсний дарс, америк пивотой бар ресторонууд, гадаадын бараа битүү өрсөн супер маркетууд ч энд зөндөө. Гэсэн хэдий ч энэ улсад аж үйлдвэрлэл гэхээр зүйл бараг байхгүй, усны сав, шил, цаас, тэр ч бүү хэл савалгааны зориулалттай хөөсөнцрийг ч импортолдог. Үүнийг Монголд очиж үзсэн бүгд хэлээд өгөх болно.

Гэхдээ ашигт малтмалын олборлолтын салбрын хурдтай өсөлтийг дагаад энэ оны эхний хагас жилд Монголын эдийн засгийн өсөлт 14.3%-д хүрсэн юм. Инфиляцыг тооцохгүйгээр эдийн засгийн өсөлт нь 29.1% байсан байсан бөгөөд Монгол улс одоогоор дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй орон болоод байна. Мөн ирэх жил нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллорт хүрснээр Хятад, Тайланд зэрэг улсын түвшинд хүрнэ гэж тооцоолж байна.

Инфиляци бол Монголын эдийн засгийн хурдтай өсөлтийн төлөөс юм. Өнгөрсөн жилийн 7 сартай харьцуулахад Монголын инфиляци 10.1%-д хүрсэн гэсэн тооцоо байна. 8 сарын 29-нд Монголын төв банк бодлогын хүүгээ 11.75% болгож өсгөж байгаагаа зарласан юм. Монголд одоо нүүрлээд байгаа хамгийн том эрсдлийг мөн л уул уурхайн салбар дагуулж байна. Монголын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортод, тэр дундаа Хятад дахь экспортод хэт түшиглэж байгаа юм.

“Стратегийн ач холбогдолтой ордууд”руу хошуурч байна

Саяхан “Нью Иорк таймс” сонины веб сайтын нэгэн нийтлэлд “Хэдийгээр Монголын гурван хүн тутмын нэг нь нүүдэлчин болон хагас нүүдлийн амьдралаа хадгалсаар байгаа ч энэ улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал тасрахгүй байна. 2009 онд Монголд орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 700 мянган ам.доллорт хүрсэн бөгөөд үүнд дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлж чадаагүй юм. 2003 оноос Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт оногдож байна. ” хэмээн бичжээ.

Монгол бол бүх дэлхийн нүүрсний баялаг хамгийн их төвлөрсөн бүс нутгийн нэг юм. Монголын ашигт малтмалын газрын тооцоогоор Монгол улс нийт 162.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тэр дундаа Хятадад хамгийн ойр говийн бүсийн нүүрсний нөөц нь 53 сая тонн орчим. Дэлхийн хамгийн том ашиглагдаагүй байгаа коксжсон нүүрсний Таван толгой орд энэ бүсийн Өмнөговь аймагт оршдог юм. Монголын нүүрсний хадгалалтын нөхцөл харьцангуй сайнд тооцогдоно. Одоогоор нүүрсний 99%-ийг ил аргаар олборлож байна. Тонн нүүрс олборлох өртөг 10 ам.доллор орчим, коксжсон баяжуулсан нүүрсийг угаасны дараах өртөг 15 ам.доллор.

Одоогоор Монголын нөөц нь тогтоодсон томоохон ордууд 20 гаруй байгаа бөгөөд “Стратегийн ордууд” хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна дийлэнх ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл хувийн компани болон хувь хүмүүсийн гарт байгаа юм. Австрали, Канад, АНУ зэрэг хөгшин акулууд болон ОХУ, Өмнөд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудтай харьцуулахад, Хятадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт нилээд хожуу хүч сорьж байна. Сүүлийн хэдэн жилээс л Хятадын зарим нэг улсын корпорациуд Монголд ирж судалгаа тандалт хийж эхэлж байгаа. Монголын уул уурхайн салбарт эрт хөл тавьсан Австрали, Канад, Америкийн хөрөнгө оруулагчидтай адил Хятадын корпорациуд ч “Стратегийн ордууд”-д анхаарлаа хандуулж байна. 2009 оны 10 сард Монголын засгийн газар Канадын Айванхоу Майнз болон Австралийн Рио Тинто компаниудтай Оюу Толгойн алт зэсийн ордыг хамтран ашиглах тухай гэрээ байгуулснаар дэлхийн томоохон компаниудын харааг монгол руу чиглүүлж, тэдний хоорондын өрсөлдөөнийг улам өдөөж өгсөн юм.

Нээлттэй тендерээр энэ салбарт гадаадын компаниудтай хамтрах буюу тухайн компанид ашиглах ордын хувьцааны тодорхой хэсгийг эзэмшүүлэх замаар ордыг хамтран эзэмших бодлогыг Монголын засгийн газар дэвшүүлж байсан боловч удалгүй санаагаа өөрчилж, хувьцааг өөрөө дангаар 100% эзэмшиж, зөвхөн олборлох эрхийг гадаадын хамтын ажиллагаанд оруулна гэх болсон ч одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй байна. Хэдий тийм ч гадаадын уул уурхайн том корпорациуд Монголын “Стратегийн ордууд” дахь санаагаа тавихгүй байсаар л. Ялангуяа нүүрс, алт, мөнгө болон ураны ордууд дахь өрсөлдөөн улам ч ширүүсч байна.

Тээвэрлэлтийн хямд өртгийн татах хүч

Монголын засгийн газар экспортын олон талт бодлого барих гэж хичээж байгаа ч газарзүйн шалтгаанаас болоод бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлээс гадна Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээл рүү гаргая гэвэл зайлшгүй Хятадын далайн гарцыг ашиглах болно. Гэвч энэ нь эдийн засгийн хувьд хамгийн хямд байж чадах юм. Мэн ши (орч. Мэн Ши- Өвөр Монголын баруун бүсэд Хөх хот, Ордос, Бугат, Баяннуур, Үхай,Алшаа аймаг зэрэг 6 хот аймаг багтана. )-ийн гарц болон Мэн дун (орч. Мэн дун- Өвөр Монголын зүүн бүсэд Хүлүмбуйр, Хянган, Улаанхад, Тунлиао, Шилийн гол гэсан 5 хот аймаг багтана. )-ийн гарцууд бол эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй гарц юм. ОХУ-аар дамжуулан тээвэрлэлт хийхтэй харьцуулахад Мэн ши-ийн гарц 3 дахин, Мэн дун-ийн шугам 1.9 дахин бага зам туулах юм.

” Азийн Wall street” өдрийн сонингийн мэдээлснээр “Чайна инвестмент корп” 2009 оны 10 сард Канадын Өмнөговь Энержи ресурс компанид 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийжээ. Өмнөговь Энержи ресурс бол Хонг Гонгийн бирж дээр IPO гаргасан өсөлттэй аж ахуйн нэгж (Growth Enterprises Market) нүүрсний хайгуул олборлолтын компани юм. Түүний голлох хөрөнгө нь Монгол улсын нутаг дэвсгэрт бий.

Хоцронгуй дэд бүтэц нь Монголын нүүрсний ордны ашиглалтыг боймолж байна. Гэвч Монголын төмөр замыг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө, Өвөр Монголын нүүрс тээвэрлэлийн гарцуудын төгөлдөршил нь Монголын нүүрсний баялагийг асар том хэмжээний эргэлтэнд оруулах боломж олгох юм. Таван толгойн нүүрсний орд бол одоогоор мэдэгдэж байгаа дэлхий дээрх хамгийн том ашиглагдаагүй коксжсон нүүрсний орд бөгөөд Хятад Монголын хилийн Ганц мод боомтоос 225 км зайтай. Нүүрс боловсруулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орох бөгөөд эхний хугацаанд 15 сая тонн, урт хугацаанд 30 сая тонн хүртэл нүүрс боловсруулах юм. Хятад Монголыг холбосон төмөр замууд 2009, 2010 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2011-2012 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна.

Хятадыг боломж гэж харж байна

МУ-ын ерөнхий сайд С.Батболд “The Wall street Journal”-д ярилцлага өгөхдөө “Хятад бол Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч улс юм. “гэж онцолсон. “Чайна инвестмент корп” Монголын нүүрсний болон төмрийн хүдэр олборлолтын компаниудад 1 тэрбум 200 сая ам.доллорын хөрөнгө гаргахаар болсон нь ердөө 5 тэмбум америк доллороор хэмжигдэх дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Монгол улсын хувьд үнэндээ том хөрөнгө оруулалт юм. С.Батболд хэлэхдээ, “Бид Хятадыг боломж гэж харж байна. Хятад зэрэг олон орны шударга, өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтыг дэмжих болно. ” гэсэн юм.

Тал нутаг дахь алтны халуурал

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд анх удаа авто машины урсгалын томоохон түгжрэл нүүрлээд байна. Гэвч өмнө нь энэ хот машин биш морь олонтой газар байлаа.

Монголын тал нутагт яг 19 дүгээр зууны дунд үеийн Америкийн баруун бүс нутагт байсантай адил “Алтны халуурал” дэгдээд байгаа юм. Гэхдээ Монголын нүүрс зэсийн ордууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татаж байна. Тиймээс ч Америк, Австрали, Канадын бизнесменүүд, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч, уул уурхайн компаний захиралууд Монгол руу хөл уралдан шавацгаах болсон. Өнөөдрийн Улаанбаатар бол асар их бизнесийн боломжтой хот юм.

Өнгөрсөн жил, Монголын үнэт цаасны зах зээл 125% өссөн бөгөөд Олон улсын валютын сангийн урьдчилсан тооцоогоор энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүн цаашид хоёр оронтой тоонд байх ажээ. Хөгжиж буй орнуудын зах зээлийг удаан ажиглаж байгаа нэгэн эрхэм хэлэхдээ ” Монголын хөгжлийн ирээдүй, хэтийн төлвөөс ажиглахад одоогоор Булангийн газрын тос үйлдвэрлэгч орнуудтай л зэрэгцүүлж болохоор байна” гэсэн юм.

20 жилийн тэртээх Улаанбаатар тэс ондоо ертөнцөд оршиж байсан юм. Хотын төвд байх Сүхбаатарын талбайд хэдхэн муусайн хуучин бар ресторан. Ялангуяа өвлийн цагт хаашаа ч харсан нэг л зэвхий саарал. Гэтэл өнөөдрийн Улаанбаатар бол ид хөгжин цэцэглэж яваа хот юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ улам өсөхийн хирээр их хэмжээний мөнгөний урсгал энд бий болжээ. Бас гудамж талбай дүүрэн машины цуваа. Хэдхэн жилийн өмнө Монголын анхны Louis Vuitton брэнд дэлгүүр Сүхбаатарын талбайн дэргэдэх Сентрал Тауверт нээгдсэн юм. Шилэн цонхны цаана үнэт чулуугаар эмжсэн үзүүлэнгийн эмээл тавьсан байв. “Үүнийг монголын уламжлалт аргаар хийсэн юм” гэж дэлгүүрийн эзэн хэлсэн юм. Лангууны бусад бараануудаас харвал, матрын арьсан түрүйвч 20000 ам.доллор, бугуйн цаг 17000 доллор байх ажээ. Дэлхийн хамгийн ядуу улс хэвээрээ байгаа энэ орны хувьд энэ нь дааж давашгүй их үнэ. 2008 онд Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3100 ам.доллор байсан ба ядуурлаараа дэлхийд 166-т орсон. Гэхдээ энэ нь ZEGNA, Hugo Boss, Burberry зэрэг дэлхийн дээд зэрэглэлийн брэндүүд Монголд салбар дэлгүүрээ нээхэд саад болохгүй юм. Улаанбаатарын Шанрила, Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн буудлын зах зээлийн борлуулалтын менежер хэлэхдээ “Энд асар их шинэ мөнгө урсан орж ирж байгаа” гэсэн юм. Энэ буудал дотор шинэ супер маркет барьж байгаа бөгөөд удахгүй нээлтээ хийх гэнэ.

Гэхдээ нийслэл хотоос гадагш явах юм бол энэ тансаг бүхнийг олж харахгүй. Улаанбаатар хотын захын дүүргүүдэд олон нүүдэлчин монголчуудын гэр урц тархсан байдаг бөгөөд тэдний амьдрал маш ядуу. Байгалийн хатуу ширүүн нөхцөл, дэд бүтцийн хоцронгуй байдал зэрэг нь хүмүүсийг орон нутагт амьдрах аргагүй болгосон ба эдгээр хүмүүсийг ийнхүү гаргуунд нь орхисон байна.

Гэвч энэ л торойх зүйлгүй хээр тал Монголын ирээдүйг биедээ оршоож байна. Хятадын хилээс 30-хан мил хүрэхгүй орших говьд “Өмнөговь” нэртэй Канадын компани асар том нүүрсний уурхай ажиллуулсаар байна. Тус компаний веб сайтад Монголыг “Нүүрсний Саудын Араб” гэж бичжээ. Эндхийн нүүрсний ордууд ихэнхдээ ил аргаар нүүрс олборлодог. Нүүрс олборлох талбайн өргөн 50 м, нүүрсний давхрагын гүний хэмжээ 250 м, зарим газраараа гүн нь 600 м. Энэ бол яахын аргагүй дэлхийн хамгийн том нүүрсний орд юм.

Орчуулсан Энхтайваны Эрдэнэсувд
2011.10.30

没有评论:

发表评论