2012年12月8日星期六

Хятадын хэвлэлд: Монгол улс хөмхий зуусаар байна. 环球时报《蒙古不能放任对华制衡心态》



Хятадын Глобал таймс сонин
Хариуцлагатай редактор Дун Жин
2009 оны 11 сарын 02
Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүнгүй биз.
Гэвч Хятадын хөгжлөөс зүгээр хүртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггүй гэдгийг мэдмээрсэн.
Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд орших  “Дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар ” Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөд Хятадын “Aluminum” корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ.


Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо. 6 жилийн өмнө, Хятад Монгол хоёр улс сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа гээчийг байгуулснаа зарлаж байсан билээ. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрөөд байгаа ч зарим монгол хүн

Хятадыг хардах сэрдэх үзлээ тавихгүйгээр ч үл барам хятадын хөрөнгө Монголд их хэмжээгээр орчих вий хэмээн эмзэглэн айж, “Гуравдагч хөрш” хайж байгаагаараа түрий барин Хятадыг хавчиж байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээлэхэд, цагтаа Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг нуруундаа дангаар үүрч байсан энэ ордын нийт зэсийн баяжмалын 90% -ээс илүү хувийг Хятад л импортолж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хятад компани монголын талтай томоохон уул уурхайн төслийн гэрээ байгуулаагүй байгаа юм.
Монголчуудын хятадыг хавчих үзлийг түүхийн шалтгаантай нь холбон ойлгож болно. Гэвч энэ үзэл дээрээ өөрийн зоргоор хувийн тоглолт хийж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг алхам алхмаар ухрааж, бүр тодруулбал Хятадын хөрөнгө оруулалтыг хаах “Өндөр хэрэм” босгож болохгүй мэт. Энэ байдал удаан үргэлжлэх аваас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хамгийн чухал үндэс болсон харилцан итгэлцэл мөхөж унтрах нь дамжиггүй.
“Харилцан ашигтай” гэдэг нь нэг тал нөгөөгөө дандаа царайчлах биш харин хамтдаа хөгжих гэсэн утгыг илэрхийлж буй. Хятад улс Монгол зэрэг хөгжил удаан хөрш зэргэлдээ улс орнуудад илүү их боломж туслалцаа үзүүлье гэж бодож байгаагийн хариуд Монгол ч хятадын эрх ашгийг бодох ёстой. Шударга харилцаа, хамтын ажиллагааг нураасан аливаа үйлдэл, үйл ажиллагаа бүхэн хятадын ард түмний сэтгэлийг шархлуулах болно.
Хятад улс10 жил дарааллан Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш байсан нь Хятад монголоор дутаж, Монголыг царайчилсандаа тэр юм гэж монголчууд хоосон мөрөөдөж, цээжээ дэлдэх хэрэггүй. Хятад Монголын худалдааны нийт бараа эргэлт Монголын гадаад худалдааны эргэлтийн талаас илүү хувийг эзэлж байхад энэ нь Хятадын хувьд бол гадаад худалдааны эргэлтийн ердөө 0.05 хувийг эзэлдэг юм.
Уул уурхай, орд газар ашиглах тал дээр Монгол улс хэнтэй ч , ямар ч улстай хамтарч болно. Гэвч бодот байдал дээр монголын уул уурхайн бүтээгдэхүүний цорын ганц зорилтот зах зээл нь Хятад шүү дээ. Түүгээр ч зогсохгүй, зам, техник хэрэгсэл, машин технологи, цаашлаад хоол хүнс, хувцас хунар гээд бүхий л хэрэгцээгээ Хятадаас авч хангадаг. Орд газар ашиглана л гэнэ, Хятадыг хар ажилдаа зарчихаад бас Хятадаас хөнгөхөн шиг байж байгаад их мөнгө олно гэх. Хэн ч хувьцаа эзэмшиж болно л гэнэ, гагцхүү Хятад компани л байж болохгүй гэх. Энэ хөх тэнгэрийн дор үүн шиг наймааны ёс гэж сонссон уу? Та минь.
Хятад Монголын худалдааны өсөлт монголын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлсээр байгаа. Хятад улс хөрш зэргэлдээ бусад улс орнуудтайгаа ч “Харилцан ашигтай” гэсэн зарчмын дор эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хэрэв Монгол улсын“Тэнцвэртэй байлдах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий.
Энэ бол энгийн нэг ёс. Хэрэв чи Хятадыг боож, Хятадын оролцоог хаагаад байх юм бол Хятадын хөгжлөөс хүртэх сайн сайхан зүйл чинь ч мөн л танагдаад ирэх болно. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй.  Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?
Хятад улс нийт 21 хөрш оронтой. Тэдгээр улс орны төмөр, хөнгөн цагаан, зэс, никель, вольфрама, хар тугалга зэргийн чухал ордууд өдгөө нөөцөөрөө дэлхийн нийт нөөц баялагийн гуравны нэгтэй тэнцэж байна. Хятадын хөгжилд эдгээр улс ордуудын нөөц баялаг зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг Хятад улс огтхон ч нууж хаахгүй. Хэзээ нэгэн өдөр Хятадын чадал тэнхээ улам их хүчирхэг болох ч гэлээ бид Баруунтай адил бусад улс орныг хүчилж, хамтын гэрээ байгуулахыг огт шахаж тулгахгүй.
 Хятад улс Монгол улс зэрэг хөрш зэргэлдээ бүх улс орнуудтай харилцан итгэлцэлээ бататган хөгжүүлэх замаар харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Хятадын хөгжил хурдан байж гэмээнэ бусад хөрш улс орны ч хөгжил хурдан байх болно. Тэдний олох ашиг ч их, биднийх ч их байх нь дамжиггүй. Чухамдаа Хятадын хөгжлөөс ашиг олох гэж хүсч байгаа хийгээд Хятадтай “Харилцан ашигтай” хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр эрмэлзэн байгаа улс бүхэн энэ ёсыг ойлгох ёстой.

Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд
Greentara.miniih.com
2009 оны 11 дүгээр сар 11 -ний 23 цаг
Шанхай хот

没有评论:

发表评论