2012年12月8日星期六

Хятадын хэвлэлд: Монгол улс Хятад Оросыг алгасан “Азиас Европ руу” харайхаар эрмэлзэж байна

Хятадын “Дорнын өглөө” сонин  
2011 оны 11 сарын 2
 
Хятад, Оросын хооронд хавчигдан орших Азийн нэгэн улс болох Монгол улс нь Америк, Япон, Солонгос зэрэг улс орон хийгээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), НАТО, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай “Гуравдагч хөрш”-ийн гэх гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.
       Хятадын умард хөрш Монгол улс “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогоо бодитоор идэвхтэй хэрэгжүүлж эхэлж байна. Монгол гэх энэ улс Хятад Орос хоёр улсын дунд орших Азийн улс бөгөөд Америк, Япон, Солонгос зэрэг улс орнуудаар зогсохгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, ЕАБХАБ, НАТО, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг ч “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогын төвөө болгон, улмаар Хятад Орос хоёр их хөрштэйгөө харилцах харилцаагаа тэнцвэржүүлэх нэрийн дор олон талт гадаад бодлогоороо Хятад Оросыг тогтоон барихаар хичээж байна.


Аравдугаар сарын 28-нд Монгол улсын гадаад харилцааны яам ЕАБХАБ -д элсэх өргөдлөө албан ёсоор өгч, Монгол Улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан ЕАБХАБ-ыг Монгол улсын гуравдагч хөрш болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 11 дүгээр сард төлөөлөгчдөө томилж, энэ асуудлаар Монголын талтай хэлэлцэж, улмаар энэ оны 12 дугаар сард тус байгууллагын сайд нарын хурлаас албан ёсны хариу өгнө гэж мэдэгдлээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг шахаанд оруулах оролдлого уу?

Аравдугаар сарын 31-нд Монгол улсын улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан аравдугаар сарын 28-нд ЕАБХАБ-ыг 2011 онд даргалагч орон болох Бүгд Найрамдах Литва Улсын Байнгын төлөөлөгч Ренатас Норкустай уулзахдаа Монгол Улсыг тус байгууллагын гишүүн улс орноор элсүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор илэрхийлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Литвагийн Гадаад хэргийн сайд А.Ажубалист хүргүүлж буй захидлыг гардуулав гэж тус улсын гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Г.Занданшатар захиандаа, Монгол улс ЕАБХАБ-ын “Хелсинкийн сүүлчийн баримт бичиг” болон “Шинэ Европ Парисын дүрэм” зэрэг баримт бичгүүд, дүрмүүдийг бүрэн хэрэгжүүлэх болно гэжээ.

“Монгол улс ЕАБХАБ-ын санаачлан хэрэгжүүлэхээр зорьж буй улс үндэстний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй дархан аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, байгаль орчин хамгаалал, хүний эрх, эрх чөлөө зэргийг хадгалан хамгаалах үндсэн зорилтуудыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тус байгууллагын гишүүн орон болох нь Монгол улс эдгээр зорилт, үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно үзэж байна” гэж Ж.Энхсайхан уулзалтын үеэр дурдсан бөгөөд Монгол улс ЕАБХАБ-ыг өөрийн “Гуравдагч хөрш” болгохыг хүсч байгааг илэрхийлсэн юм.
        
Хэрэв Монгол улс ЕАБХАБ-д элсвэл тус байгууллагын хөгжилд эргэлт гаргах болно. Энэ байгууллага өмнө нь хүйтэн дайны үед Зүүн Баруун хоёр лагерийн аюулгүй байдлын хэлэлцээний талбар байсан ба дайны дараа үйл ажиллагаа нь идэвхгүй байдалд орсон юм. Тухайн үед тус байгууллагын хөгжлийг тодорхойлогч байсан АНУ, ОХУ аль алиных нь сонирхол буурснаас, мөн байгууллагын дотоод хүч сул задгай байгаагаас энэ байгууллагын өмнө асар том сорилт тулгарч буй юм.
      
Тийм ч учраас ЕАБХАБ Европын аюулгүй байдлын тулгуур болох гол үүргээ гүйцэтгэхийн хамтаар хүчээ дорно зүгт тэлэх бодлого баримталж, тэр ч утгаараа Дундад Азийн орнуудыг эхнээс нь өөрийн эгнээнд нэгтгэж, Европ Азийн бүх улс орныг бүхэлд нь холбосон харилцааны чухал тавцан болохоор эрмэлзэж байна. 2010 онд 11 жил завсарласан ЕАБХАБ-ын дээд хэмжээний хурал болж, тус байгууллагын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Астанагийн дээд хэмжээний уулзалт нь тус байгууллагаас Дундад Азид зохион байгуулсан анхны уулзалт хурал төдийгүй хуучин ЗХУ-ын дагуул улс байсан улсад анх удаа болсноороо мөн анх удаа Исламын шашинт оронд болсноороо онцлогтой байсан юм.
       
ЕАБХАБ-ыг гишүүн орнуудын бүрэлдэхүүн, байгууллагын чадамж талаас нь авч үзвэл “Хятадыг орхигдуулсан НҮБ” гэж хэлж болохоор. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх гээд олон жил амжилт олоогүй Монгол улс ЕАБХАБ-д элсэхээр хичээж байгаа нь нэгэн чухал дохио юм. Учир нь АНУ-аар толгойлуулсан НАТО, ЕАБХАБ-аар халхавч хийн Дундад Азид хөл тавих гэж байна. Энэ нь яалт ч үгүй Хятадын олон жилийн найдвар болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг шахаанд оруулан хавчиж буй хэрэг. Монгол улс одоогоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орон юм.
  
Ашигт малтмалд тулгуурласан дипломат харилцаа

Сүүлийн үед Монголын ашигт малтмал, байгалийн баялагийн асар их нөөц бүх дэлхийн анхаарлыг татах боллоо. Монголын өмнө хэсгийн нэгэн аймагт орших Оюутолгойн алт зэсийн орд, Тавантолгойн нүүрсний орд нөөцөөрөө Азид төдийгүй дэлхийд дээгүүрт бичигдэнэ.
          
2009, 2010 онуудад, Монгол улс 1994 онд баталсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын хоёр чухал хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан нь, Нэгд, Засгийн газрын байнгын хурлаар “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг боловсруулан баталж байх, Хоёрт, “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогыг хуулийн хэлбэрээр улам эрчимжүүлэх. Дээрх хоёрын аль аль нь Монгол улс ашигт малтмал байгалийн баялагаа ашиглах эдийн засгийн арга замаар гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамран ажиллах харилцаа тогтоох, бүр тодруулбал “Гуравдагч хөрш”-үүдтэй харилцаагаа хөгжүүлэх талаар онцлон тэмдэглэсэн байна.
          
Монгол улс байгалийн ховор элементийн нөөц дээрээ тулгуурлан олон улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээгээ улам тэлсээр байна. Энэ зун гэхэд л Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак, Энэтхэгийн ерөнхийлөгч Пратиба Дэвинсингх Патил, АНУ-ийн дэд ерөнхийлөгч Ж.Байден зэрэг төрийн өндөр дээд хэмжээний хүмүүс ар араасаа Монголд айлчлал хийж, тус улсын “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогыг улам бүр тодотгож өгсөн.
          
2011 оны зургадугаар сард МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д төрийн айчлал хийж, АНУ-ийн ерөнхийлөгч Барак Обаматай биечлэн уулзахдаа, АНУ бол Монгол улсын “Гуравдагч хөрш”орон гэдгийг онцолсон. Обама түүний хариуд “АНУ, Монгол хоёр орон ардчилал, эрх чөлөөг хамгаалах тал дээр нэгдмэл байр суурь, нэг ашиг сонирхолтой” гэсэн юм. Ц.Элбэгдорж АНУ-ийн “Brookings Institution”-д зочлохдоо: “Бид Америк улсыг бидний гуравдагч хөрш хэмээн үздэг. Хоёр орны харилцаа улам бүр дээшлэнэ гэж найдаж байна” гээд цааш нь хэлэхдээ, “Бид энх тайванч гадаад бодлогыг баримталж байна. Монгол улсыг хөрш оруудтайгаа шийдвэрлэхэд хэцүү харилцаатай байдаг гэж зарим хүмүүс боддог боловч үнэндээ бид Хятад, Орос хоёр хөрштэйгөө яаж найрсаг харилцахаа мэддэг” гэсэн юм.
    
Хятадын интернет хэрэглэгчдийн судалгаа

Хятадын Шинтай интернетийн санал асуулга, зах зээлийн судалгааны компани 2011 оны 11 сарын 2-нд “Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргаж, Хятад Оросыг алгасан “Азиас Европ руу” харайхаар эрмэлзэж байна” нэртэй нийтлэлтэй холбогдуулан Хятадын интернет хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсан байна. Хятадын бүх улсын хэмжээнд нийт 951 интернэт хэрэглэгч тус санал асуулгад оролцож, “Монгол улсын стратегийн байршлыг юу гэж үздэг вэ?”, “Монгол улс Европт элсэж, Азиас тусгаарлах бодлогоо хэрэгжүүлж чадах уу?” зэрэг асуултанд хариулсан байна.

Монголын стратегийн байршлыг хэрхэн үзэж байна вэ?
15.35% нь “Хятад Оросыг тусгаарласан жийргэвч бүс”
17.03% нь “Хятадын зүрхэнд төв ойрхон чухал улс”
15.56% нь “Маш их байгалийн баялагтай улс”
24.29% нь “Европ Монголыг эгнээндээ оруулах юм бол Хятадыг бүслэх болно”
9.04% нь “Өөр саналтай байна”
18.72% нь “Ойлголтгүй байна” гэж хариулжээ.

“Монгол улс Азиас салж Европтой нэгдэх бодлогоо хэрэгжүүлж чадах уу?” 21.98% нь “чадна”, 31.13% нь “чадахгүй”, 46.90% нь “хэлж мэдэхгүй байна” гэжээ.

“Монголын энэ үйлдэл Хятад Оростой харилцах харилцаанд нөлөөлөх үү?” 26.92% нь “Нөлөө их”, 28.50% “тодорхой хэмжээнд нөлөөлнө”, 18.72% нь “бага зэрэг нөлөөтэй”, 25.87% нь “хэлж мэдэхгүй” гэсэн байна.

Дээрх судалгаатай холбогдуулан санал асуулгад оролцогчдын хариултыг тэдний нас, хүйсийн харьцаагаар нарийвчилсан байгааг энд дарж тодорхой үзнэ үү.

Орчуулсан: Э.Эрдэнэсувд

没有评论:

发表评论