2012年12月8日星期六

Тайзны гэрэлтүүлэг буюу хятад инженерээс сурсан зүйлс

Өвлийн амралтаар Монголд харихдаа нэг орчуулганд дайчлагдах хэрэг болов. Манай Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Өвөр Монголын Одон телевизтэй хамтран жил бүрийн цагаан сарын баяраар “Энх Мэндийн хадаг” нэртэй телевизийн бүтээл хийдэг бөгөөд үүнд нь Монгол Хятадын урлагийн одууд оролцдог уламжлалтай. Өнгөрсөн жил зураг авалт Өвөр монголд болсон бол энэ бар жилийн зураг авалт манай эх оронд болсон юм. Зарим нь санаж байгаа бол цагаан сарын шинийн нэгэнд манай телевизийн хөтөлбөрөөр энэ концерт гарсан.

Хоёр орны уран бүтээлчид тоглолтын найруулга тайз засалт энэ тэр гэж нилээдгүй цаг хугацаа хүн хүч зарсан нь мэдээж. Харин миний бие тоглолтын тайзны гэрэлтүүлгийн хэсэг дээр 7 хоног ажилласан. Кккк…гэрэлтүүлэгч биш, гэрэлтүүлэгчийн хэлмэрчийн ажил гүйцэтгэсэн юмаа. Түүнээс хойш овоо олон сар өнгөрчихлөө. Сая бичиг цаасны новшоо ухаж суугаад тэр үед бичиж тэмдэглэж байсан зүйлээ олсон юм. Тэгээд л түүнийгээ та нарт хуваалцъя гэж шийдээд. Магадгүй энэ талын тенникийн хүмүүс мэдлэгээ нэмэгдүүлж болох юм, над шиг мэдлэггүй нэг нь анхан шатны ойлголт төсөөлөл авч болох байх.
Юуны түрүүнд манай тайзны гэрэлтүүлгийн инженер нь Жан гээд хятад залуу байсан бөгөөд 2008 оны Бээжингийн Олимпын гэрэлтүүлэг дээр ажилласан 6 инженерийн нэг, энэ салбартаа чадвар чансаа нь хүлээн зөвшөөрөгдсөн нилээд туршлагатай байрын хүн байсан.  Хятад хүн гэхэд харин ёстой олон таван маяг чимэгтэй үггүй, шулуун түс тас нөхөр байв.  1. Би өөрөө гэрэлтүүлэг техникийн мэдлэг байхгүй  2. Инженер маань илэрхий Бээжин аялгуутай байсан зэрэг шалтгаанаас  ажлын эхний 2 өдөр надад маш их хүндрэл тулгарч байлаа. Иймэрхүү хэцүү орчуулгын үед нэгэнт хаяад гүйчихэж болохгүй учраас  “Ажилдаа чин сэтгэлээсээ ханд”, “Чи л чадахгүй бол өөр хэн ч чадахгүй”, “Өөрийгөө орчуулагч гэдгийг мартаад зөвхөн тэр хүнийхээ дуу хоолой бол” гээд  нэг хайрт эгчийнхээ хэлж байсан үгсийг цааш чиг болгож явдаг юм. Энэ дүрмүүд орчуулга хийж байгаа танд ч гэсэн тусаа өгөх байх.
Ажлын 3 дах өдрөөс үг хэл маань овоо зүгширч ирсэн. Нэг зүйлийг дурдахад манай тайз маш олон гэрлээр хамгийн орчин үеийн гэрлийн пультийг ашиглаж, олон шинэ эффектүүдийг гаргасан тайз болсон шүү. Ийм тайз монголд өмнө нь маш цөөхөн болж байсан гэж манайхны инженерүүд ярьж байсныг санаж байна.
Манай тайзан дээр 5 гэрэлтүүлгийн компаний Мак (电脑灯) буюу манай телевизийнхний хэлж заншснаар “Согтуу толгой” гэрлүүд байсан. Мак 550 – 8 ширхэг (Дугуй дээр байрлуулсан), Мак 700- 6 ширхэг (Шалан дээр байрлуулсан), Мак 1200-8 ширхэг,  Мак 600 гэрлүүд (Дээр өлгөсөн)  пүшиг  буюу ганц тусгалын гэрэл (追光灯)4 ширхэг тэгээд бас нүүрний гэрлүүд байсан. Үүнээс гадна бас мөлхөө буюу хүнд утаа гаргагч (雾机,干冰)болон хөнгөн утаа гаргагч (烟机) тус тус хоёр ширхэг байв.
Манай инженер өөрийн хувийн хоёр пультээ (调光台、控制台、操控台 гэж 3 янзаар нэрлэдэг)авчирсан байсан бөгөөд хоёулаа Pearl 2008 загварынх байсан. Энэ нь харьцангуй сүүлийн үеийн гэрэлтүүлгийн пульт гэсэн. Манай телевизийн 600 студио бас үүнийг ашигладаг боловч энэ нь Жүжиан (珠江) гээд хятадын брэнд учраас нарийн тайлбар ном нь хятад хэл дээр байдгаас манай инженерүүд гоё эффектүүдийг нь гаргаж чаддаггүй юм шиг байсан.
spot  图案灯
Wasch 染色灯
Хажуугийн гэрлүүд 基础灯
спичка буюу анивчдаг гэрэл 频闪灯


Инженерийн хэлж ярьж байсан зүйлүүдээс санаж байгаагаа бичье.

1. Хамгийн гоё эффектийг хийе гэж бодож байгаа бол юуны түрүүнд гэрэлтүүлгийн өрөө болон гэрлүүдийнхээ  тусгалын өнцгийг зөв бодож байрлуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэгчийн өрөө тайзнаас чанх эгц байрлах ёстой. Гэрлүүд хэтэрхий өндөр, нам, хол ойр байрлаж болохгүй. Мак гэрлүүдийг ихэвчлэн тайзны дундаас хойшоо арлуу нь байрлуулдаг. Хэрэв гэрлээ дугуйруулж байрлуулах гэж байгаа бол гэрлийн тусгалын зөв өнгцийг бодож байрлуулахгүй бол эффект хийх үед гэрэл буруу өнцгөөр тусна. Үүнийг пульт дээрх програмаар тухай бүрт нь засч болох боловч маш их ажиллагаа хэрэгтэй.

2. Тайзны бүтээлийн гэрэлтүүлэг болон телевизийн бүтээлийн гэрэлтүүлэг нь хоорондоо ялгаатай. Тайзны бүтээлийн үед гэрлийн тоглолтыг үзэгчдэд таалагдахаар янз бүрээр хийж болно. Харин телевизийн бүтээлийн үед тайзны гэрлийг камерт харагдахаар, бичигдэхээр бодож эффект хийдэг. Камерт бууж байгаа дүрсэн дээр хоосон орон зай байж болохгүй. Гэрлийн эффектээр түүнийг дүүргэж байх ёстой.

3. Гэрлийн эффект хэзээ ч тайзан дээрх хүний нүүрэн талаас байж болохгүй,  үргэлж тайзны арын хоосон орон зайг дүүргэж, тайзны шалан дээр бууж байх ёстой.

4. Гэрлийн тоглолт утаагүйгээр юу ч биш. Утаа бол гэрлийн тоглолтын үед зайлшгүй байх ёстой зүйл. Тайзны бүтээлийн үед тайзны хөнгөн утаа буюу гэрлийн утааг байнга ажиллуулах ба энэ утаа нь гэрлийн замыг тодруулж өгдөг. Гэрлийн зам харагдахгүй бол тэнд ямар ч сайхан эффект хийгээд нэмэргүй. Тайзны утааг тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө ажиллуулж эхэлдэг бөгөөд тоглолтын дундуур тасралтгүй тавина. Хэрэв утаа хэт их болбол дунд нь 30 минут амрааж болно. Телевизийн студийн бичлэгт ийм утааг бага багаар ашиглаж болно. Энэ утаа нь хүнд ямар нэг муу нөлөөгүй. Хүнд буюу мөлхөө утааг бүжиг болон хөл гарын нарийн хөдөлгөөнтэй тоглолтонд хэрэглэдэггүй.

5. Гэрлийн салаалагч буюу тусгаарлагч нь заавал 2 оос доошгүй байх ёстой. Монголд 1 тайзан дээр 1-ийг ашиглах нь нийтлэг байдаг бөгөөд энэ нь цахилгаан хүчдэлийн хэвийн байдлыг алдагдахад пульт болон гэрлийг шатаах аюултай. Нэг зүйлийг сануулахад салаалагч буюу тусгаарлагч нь Мартин, Панасоник гэх мэт нэртэй брэндийн оргинал бүтээгдэхүүн байвал сайн. Хятадад үйлдвэрлэснийг огт хэрэглэж болохгүй бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа томоохон хэмжээний осол гарч байсан учраас Хятадууд дотооддоо хэрэглэдэггүй гэж инженер хэлсэн.

Энэ бүх зөвөлгөөг манай 600 студиод бас санал болгож байсан. Манай инженерүүд нэгийг бодож, хоёрын тунгааж байсан биз ээ.


Тоглолтын өмнөх өдөр тайзаа бэлдэж байгаа нь. Хэдэн мак нуудаа өлгөсөн байгаа харагдах юм даа….


Өнөө гэрлийн утааны чинь ачаар энэ бүх эффект бидний нүдэнд харагдаж байгаа юм аааа…


Гэрлийн тоглолт тайзан дээрх хүний нүүрний өөдөөс тусч болохгүй ээ гэж……….

没有评论:

发表评论