2012年12月7日星期五

“Global Village” – Дэлхийн хүмүүс монголоор ярьж, монгол дээл өмсвөл….

2009-12-13 Шанхай хот

Энэ хэдэн өдөр Шанхайд хүйтэн бороо цутгасаар л байна. Би гэдэг хүн хөнжлөөсөө хамраа ч цухуйлгалгүй, орон дотроо laptop-оо тэврэн кино үзсээр хэвтлээ.Золоор дуртай кинонуудаа хаанаас хэзээ ч тааваараа үзэх сайхан боломжийг энэ эрин цаг бидэнд олгосон байх юм. Нэг талдаа энэ бол зүгээр л гайхамшиг. Гэвч зоос хоёр талтайг санахад илүүдэхгүй.

Найз аа, чи ямар кинонд дуртай вэ?

Манай өрөөний Африк охин Мари бол инээдмийн кинонд дуртай. Дээд давхрын Япон охин аймшгийн кинонд дуртай. Харин би аль алинд нь тийм ч дуртай биш. Гэхдээ тааралдвал бас үзнэ ээ үзнэ.Би өөрийнхөө дуртай киног яг тийм төрөл жанар гээд хэлчихэж чадахгүй нь. Ажиглаад байхад классик тал руугаа юм уу даа.

Олон дүртэй, үйл явдал ихтэй, тасралтгүй ярьчихдаг кинонд би ер нь дургүй ш д. Ер нь би жаахан удаан сэтгэдэг хүн байх. Амьдрал дээрээ ч би тийм хурдан ярьдаггүй. Дуучин Жавхлан маркийн яриатай гэх үү дээ. Тийм ч болохоор миний дуртай кинонууд гэхээр цөөн хэдхэн дүртэй, үг яриа багатай, миний дотоод мэдрэмжийг өндөр төрүүлэхээр кинонууд байдаг шиг. Ийм киног үзэхээр надад өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө ойлгож дүгнэх боломж, цаг хугацаа олддог юм.

Ер нь энгийн үед би нээх кино үзээд байдаггүй. Хааяа телевиз ч асаамааргүй байдаг. Дэндүү тээртэй, төвөгтэй санагддаг. Уг нь дургүй биш дуртай л даа. Аймшигтай нь нэг л үзээд эхлэх юм бол өөрийгөө хянаж чадахаа больдог. Хэдэн цаг ч хамаагүй нүдээ салгаж ядан телевизтэйгээ яриад суучихна ш д. Тэр үед хамаг ажил, ар гэр будаа. Бүр ядарч туйлдаж байж, сая л тэр хар хайрцгаа тэжээлээс нь салгаж, за ингээд л миний ухаан өөрийн биедээ эргэж ирдэг дээ. Энэ бол хар тамхи. Энэ бол хүчирхийлэл. Бид бол насанд хүрсэн хүмүүс гэтэл нялх балчир хүүхдүүд яахуу? Тиймээс заримдаа би бяцхан охиндоо санаа зовдог. Учир нь түүний ухаан балчир байна. Тэр бас над шиг өөрийгөө хамгаалах харьцангуй өндөр чадвартай биш. Тиймээс зурагт нэг л асаавал, телевизийн Солонгос Сериалууд, хэрэгтэй хэрэггүй рекламууд, зарим хариуцлагагүй хөтлөгчдийн новшийн үг хэлийг тэр ямар ч шүүлтгүйгээр ой тойндоо шууд буулгаж авч байгаа. Энэ бол нийгмийн хүчин, балмад явдал.

Хүн төрөлхтний хөгжлийн хурд, амьдралын хэмнэл нэгэнтээ толгой эргэм, галзуурмаар хурдан болчихсон байна аа. Хурдан байгаа нь сайн ш дээ гэж хүн бүр хэлэх байх. Гэвч тэр солиором хурд чинь төсөөлөмгүй их хөнөөл дагуулж байгааг хүмүүс төдийлөн анзаарахгүй байна. Үүнд мэдээлэл харилцаа холбооны хөгжил, түүний хурд асар их нөлөөлж байна.


Мarshall McLuhan  “GLobal Village”
Өнгөрсөн зууны 80 -аад оны үеийн мэдээлэл харилцаа холбооны салбарт “Global Village” буюу “Нэг дэлхий нэг тосгон” (Утгачилчихлаа шүү. Үүнийг монголд яг юу гэж орчуулж байгааг мэдэхгүй байна.) гэсэннэгэн шинэ ойлголт гарч ирсэн. Үүнийг Канадын судлаач McLuhan анх дэвшүүлсэн юм.

Мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл хурдацтай шинэчлэгдэн хөгжих тусам хүний мэдрэмж, мэдрэхүйн эрхтнүүдийн идэвхи оролцоо төдий чинээ багасч, хүн төрөлхтний сэтгэхүйн хэлбэр ижилсэн, хүмүүсийн хувь чанар буюу тодруулбал өөр өөрийн онцгой сэтгэх чадвар улам бүр л суларч байгаа юм. Энэ бол дээрх шинэ ойлголтын гол санаа.Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн энэ эрин зуунд манай дэлхий яг нэг жижигхэн тосгон шиг болж хумигдсаар байна гэсэн үг.

Энэ бол 1980- аад оны үед гарсан ойлголт. McLuhan яг зөв харж чадсан. Түүний ойлголт өдрөөс өдөрт бидний амьдрал дунд батлагдсаар байна.

Өнөөдөр дэлхийн бүх хүн адилхан хувцаслаж, бүгд л Gucci, D&G, CD, LV, Burburry, BCBG、DKNY、CK энэ толгой эргэм брэндүүдийн хувцасыг л хамгийн гоё гэж бодох болсон. Дэлхийн бүх хүмүүс л уламжлалт орон сууцаа голж, хувийн орон сууц хаус юмуу апартментэд амьдрахыг илүүд үзэх болсон. За тэгээд хөгжмийн хувьд ч гэсэн дэлхийн бүх залуучууд л адилхан хамтлагууд шүтэж, адилхан дуунууд л сонсох болсон доо. Товчдоо бол асар их мэдээлийн урсгалд бөмбөгдүүлж, хүчиндүүлсээр ДЭЛХИЙ НИЙТ АДИЛХАН СЭТГЭДЭГ болчихжээ.

Бас нэгэн асуудал бол соёлын асуудал. Дэлхий нэг л тосгон болоод хувирчихвал, бидний уламжлал, соёл хаачих уу? Ялангуяа манайх шиг цөөн хүн амтай, жижиг улс, тэгээд дээрээс нь бусдын соёлыг амархан хүлээж авдаг хүмүүс яах уу? Энэ бол бодмоор асуудал. Энэ үүднээсээ бол бид Хятадад уусчих вий гэж айх огт хэрэггүй. Учир нь бидний соёл хэдийнээ барууны соёлд уусчихсан ш дээ. Үнэндээ энэ асуудал Хятадын ч санаа зовоосон асуудалболоод байгаа. Учир нь интернэт орж ирчээд, Хятадын залуучууд барууны соёлыг их дуурайх болсон. Хятадууд үндэсний соёлоо хамгаалахын тулд, соёлоо түгээх гэсэн бодлого баримталж байна. Тиймдээ ч дэлхийн энд тэндгүй Кунзийн институт байгуулж, хятад хэл соёлоо түгээх гэж хичээж байна. Гэвч олон олон асуудал тулгарч байгаа учир, Хятад соёл барууны соёлтой адилхан хурдан түгэж чадахгүй байгаа нь нууц биш. За гэхдээ энэ бол тэдний асуудал.

Одоо тэгэхээр бидний асуудал яах вэ? Жавхланг гараараа хоол иддэг гээд л бараг Хүннү сүннүгээс ирсэн араатан маягийн хүн шиг л бичээд яриад байх юм. Малын махаа хутга сэрээгээр иддэг монгол хүн олоодохоорой. Хөх инээд хүргээд байхын зарим хүмүүс.
Сүүлийн үед Хятадуудын амьдрал сайжраад, пицца энэ тэр их идэх болсооон. Савх энэ тэрээсээ болиод зарим нь учиргүй хутга сэрээ бариад сууж байгаа нь харагддаг. Бодоход тэр “шинэ Хятад”-ууд л байх л даа. Тэгсэн чинь, энд сурдаг Америк найз маань Хятадуудыг шоолоод байсан ш дээ. ” OOOOhhhhh……My God….. Пиццааг хутга сэрээгээд идээд байхдаа яадийн бэ? Шал тэнэг юмаа. Үүнийг чинь гараараа идэхгүй бол шал амтгүй ш дээ. Хятадууд том тэнэгтэх юмаа…. ” гэж хөхөрч байсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр, хүн хүн өөрийнхөө соёлоор байвал уг нь зүгээр байхгүй юу. Чадахгүй байж галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэр болох хэрэггүй.

Манайх шиг жижиг улс соёлын хувьд мөхөж сөнөх магадлал маш өндөр. Жавхлан шиг хүмүүс улам бүр цөөрч байгаа нь, хөдөөнөөс хот руу нүүдэллэх хүмүүс тасрахгүй байгаа нь, монгол бичгээр уншиж бичих хүмүүс бараг байхгүй байгаа нь,  хоёр хуваагдаж  цагаан сараа тэмдэглэж байгаа нь гээд энэ магадлалыг өндөрсгөж болох жишээг тоочоод байвал хэдэн өдөр бөгсөө арчиж болох факсын цаас шиг урт жагсаалт гарна л даа. Манайх одоо бусад улс орон шиг хэл соёлоо түгээж чаддаггүй юм бол ядаж өөрсдөө мартахгүй, үр хүүхэд хойч үедээ сургаж, өөрсдөө хүндэлж дээдлэх хэрэгтэй ш дээ. Өөрсдөө ч дээдлэхгүй хэл соёлыг ер нь ямар гадаад сонирхдгийн. Тэгээд бас болоогүй ээ. Хүндэлж дээдэлсэн нэгнийгээ “Энэ муу одоо гэгээрчихэж, энэ юу болцийн? Тэнэг балар эртний юм яриад….” гээд л хэлтэй болгон доромжлохын. Эцсийн бүлэгт өөрсдийгөө доромжлоод байгаа юм уу хаашаа юм?

Хятадууд, Америкууд энэ тэр манайд очоод л өөрсдийн хэл усаа заагаад байхын. Манайхан ч гэсэн гадаадад заах хэрэгтэй. Тэгэхийн тулд энэ хэл соёлын асар үнэ цэнэтэй, чухал гэдгийг гадаадад сурталчилж ойлгуулах хэрэгтэй. Монгол хэлний багшлах боловсон хүчин илүүдээд байна гэсэн, тэд нар Хятадад ирж монгол хэл бичгээ заахад яаадийн. Өвөр монголын одон телевизээр өнгөсөн жил нэг нэвтүүлэг үзсэн. Хэбэй муж буюу одоогийн Бээжин хотын харъяалагддаг мужид эртний байлдан дагуулалтын үед хоцорсон Монгол үндэстнүүд бас амьдардаг гэнэ.Тэнд 10000 орчим монгол үндэстэн байдаг. Тэд нар хүртэл монгол соёлоо мартахгүйн тулд хүүхдүүддээ монгол хэл заадаг гэнэ. Монгол хэлний багшлах боловсон хүчин тасарсан учраас тэтгэвэрт гарч чадахгүй байгаа тухайгаамонгол сургуулийн монгол хэлний цорын ганц багш нь Өвөр монголын одон телевизээр уйлж байгаад ярьж байсан. Тэнд сайн дураараа очоод монгол хэл заая гэвэл тэд үгүй гэхгүй дээ уг нь. Америкийн нутгийн Индиан иргэд монгол хэл заах сайн дурын багш хайж байгаа тухай би нэг Өвөр монголын сайн дурын багш охиноос сонсож байсан шүү.

Энэ мэт монгол соёлоо хүндэлж хайрлах, түгээн сурталчлах талаар хүн бүр дороо чармайж хичээвэл, өдрөөс өдөрт нэг тосгон болж хумигдаж байгаа энэ дэлхийд улс үндэстнээ уусгаж алдчихгүй учир бий л байх. Ядаж Жавхлан шиг ганц өдөр ч гэсэн монгол дээлээ өмс л дөө. Монгол хүмүүс аливаа зүйлийг тал нутаг шигээ томоор далайцтай хармаар байна аа. Эртний монгол өвгөд тэгж харж чаддаг байсан учир өнөөдөрийн бид энэ газар шороон дээрээ эрхлэн хөрвөөж жарган суугаа маань энэ. Талын хүний ёсоор дээдсээс хүлээж авсан ивээлийг доодосдоо ч өвлүүлэн өгөх учиртай. Энэ уламжлал тасарч гэмээнэ монгол хүн, монгол үндэстэн, монгол соёл, монгол бүхэн эх дэлхий газар шороондоо уусан алга болох болно.

Эцэст нь хэлэхэд хэзээ нэгэн өдөр дэлхийн хүмүүс монгол хэлээр ярьж, монгол дээлээр гангарах цаг ирэх эсэх нь чухам энэ цагийн биднээс л шалтгаална.

Уг нь кино ярих гэж байгаад хадуурчихав аа хөөрхий…. Тэгэхээр дээр өгсөн гарчгаа өөрчлөх хэрэгтэй болох нь дээ…

Гэхдээ цаг гаргаж, үзэх дуртай кинонуудаа  зураг хөрөгтэй нь жагсаан тавина аа. Үе үеийн ухаантай хүмүүсийн бүтээл цагийн салхинд өнгө алдаж бүдгэрдэггүй юм байна аа. Нэг үзэхэд нэг санаа, хоёр үзэхэд хоёр сэдэл төрөхөөр тийм эрхэм дээд бүтээлүүдийг бусадтай хуваалцаж хамтаар жаргахаас өөр яах билээ дээ. Гайхамшиг…..

没有评论:

发表评论