2012年12月7日星期五

Умраас эгшиглэх урт дуунуудыг сонсохуйяа сэтгэл улам ч уясан догдолно…

Орчимд найзууд маань Монголоос шинэхэн цасны мэнд хүргэх боллоо. Тэр тоолонд Шанхайд бороошиж таарахыг яана. Бороотой бүрхэг өдөр, яс тогшсон зэвүүн хүйтэн үеэр гэртээ хурдхан буцаж очоод, дотно хайрт хүмүүстэйгээ будаатай цай уунгаа урьд хождын болсон хөгтэй хөөртэй явдлуудаа хуучлаад, дулаахан хөнжилдөө хамраа шургуулан суухсан гэж мөрөөдөнө. Нэгэнт хүний газар гүний нутагт эрдэм сурахаар ирсэн болохоор эндэх жихүүн хүйтнийг урьхан хонгор салхи мэт сэтгэж,  фронт руу цаашаа довтлоод л байхаас өөр аргагүй. Хэ хэ.

Заримдаа шантрах үе гарах юмаа. Тэр үед урт сайхан дуунуудаа сонсоно доо. Зөвхөн монгол нутагт унаж, монгол шороон дээр тоглож өссөн хүн л мах цусаараа, элэг зүрхээрээ мэдэрч чадах тэр л аялгуу дуунуудыг… Нэг удаа өрөөний Африк охин Мари маань уртын дуу сонсчихооп, “Сүда,,, Энэ тэгээд дуу юм уу? Яагаад үг хэлэхгүй байгаа юм бэ? ” гэж асууж байсан шүү. Хэдийгээр урлаг, тэр дундаа дуу хөгжим хил хязгааргүй эрхэм дээд зүйл хийгээд сонсголтой хэн гуай ч ойлгож чадах ч гэлээ уртын дууны гайхамшгийг бол зөвхөн монгол хүн л мэдэрч ойлгож чадах юм байна даа гэсэн бодол толгойд зурсхийж байсан. Уртын дуу хэдэн мянганы туршид уудам тал нутагт маань зүрхнээс зүрхэнд дамжин шуранхайлагдан ирсэн учир бид түүнийг чихээрээ биш элэг зүрхээрээ сонсох нь аргагүй байх даа.
Намжилын Норовбанзад 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм.

Хэд хоногийн өмнө “Монгол ардын уртын дуу” нэртэй нэг сайхан ном интернэтээр захиалж авсан юм. Өвөр монголын боловсролын хорооноос эрхлэн гаргасан энэ ном миний өмнө нь худалдан авсан “Монгол ардын дууны 100 бадаг” номыг  бодвол хамаагүй олон дуу багтаасан хийгээд Ар, Өвөр монголын уртын дуунуудыг олон хувилбар, үүх түүхийн хамт худан монгол бичгээр хэвлүүлснээрээ нилээд онцлогтой шиг санагдсан.
Би уртын дуунд ухаангүй хайртай. Хархан бага байхын л түүнд бүх сэрэл мэдрэмжээрээ уягддаг байсансан. Ингэхэд найз минь, чамаас асууя. Уртын дуу сонсохоор чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
Надад ч бас тийм мэдрэмж төрдөг.

Гэвч хамгийн хачирхалтай нь саяхныг болтол зарим уртын дууны үгийг төдийлөн анзаарч байгаагүй байх юм. Тэгэхээр зарим талаар Марийгийн зөв ч байж болох мэт санагдсан. Нээрээ уртын дуунд юу гэж дуулаад байдаг билээ дээ? Золоор ихэнх уртын дуу дууныхаа эхний мөрөөр нэрлэгддэг учир, “Уяхан замбуу тивийн наран” ч юмуу эсвэл “Хүрэн толгойн сүүдэр”,”Нарийн сайхан хээр” гэх мэтийг цээжээр хэлж чадах хүн олон гарах байх. Гэхдээ уртын дуучдыг тооцохгүйгээр аль нэг уртын дууны үгийг бүтэн мэддэг хүнийг монголоос ол гэвэл эгээ л далайгаас зүү хайх дайны юм болох байх даа. Мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь би ч тэр бүлэгт хамаарагдана шүү дээ.
Энэ ном хэд хэдэн талаараа надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Нэгд би бага ахуйдаа сурч байсан монгол бичгээ сайхан сэргээж байна. Хоёрт нь уртын дууны үгсийг мэддэг болж байна. Гуравт гэвэл монголын хэл соёлын язгуур охь ундрага нь уртын дуунд хадгалагдан байгааг олж мэдлээ. Үнэхээр дээд монгол хэл гэж байдаг бол тэр нь уртын дуун доторх монгол хэл мөнөөсөө мөн байх. Магадгүй зөвхөн уртын дуугаар ч зогсохгүй байх л даа. Эртний шүлэг туульс бүгд л багтана. Гэвч найзууд аа, энэ удаа уртын дууг онцолъё оо.

Манай interculture гэдэг хичээл дээр нэг Герман багш ярьж байсан. Хүн төрөхтний хэл соёлыг High context, Low context-тэй  гэж хувааж болох гэнэ.  High context -тэй хэл соёл нь агуулга гүн, хэл яриа цөөн байх юм гэнэ. Эсрэгээрээ Low context нь яриа их, агуулга илэрхий бөгөөд гүехэн байхыг хэлдэг бололтой. Би л ингэж ойлгосон шүү. Бурхан минь, үүн дээр гажуутай зүйл байвал засаж залруулаарай та минь.

Магадгүй орчин үеийн монгол хэл соёл Low context бүхий рүү нь бараг орчихсон байх гэж би дотроо бодсон шүү. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд, тал засахын тулд, сайшаал хүртэхийн тулд гэх мэт олон зорилгоор өнөөдрийн нийгэмд бид маш олон зүйлийг тайлбарлан ярих хэрэгтэй болсон. Хамгийн инээдтэй нь олон хүн хайраа илчлэхдээ яг чалчигч шиг л, яагаад дурласнаа яриад л… Нээрээ бас сексийн үед ярьдаг зуршилтай хүмүүс ч байдаг…

Та нар анзаарч байсан бол монгол ардын дуу, тэр дундаа уртын дуунууд ихэнх нь хайрын дуу байдаг. Хэдийгээр “Хүрэн толгойн сүүдэр”, “Алсын газрын зэргэлээ”, “Эр бор харцага” гэж дуулаад байгаа боловч цаана нь үгээр хэлж үзгээр бичишгүй хайрын нандин сэтгэл, дурлалын гэгээн илч нуугдаастай… … Гэтэл одооны дуунууд ямар билээ дээ? Би чамд хайртай, хайрлаад байхад чинь хайр даахгүй бол больчихъё л доо… хэхэхэ гэх мэт…
Энэ бол Монгол хэл соёл бусад ихэнх соёлуудын адил эмгэнэлтэйгээр High -аас Low context рүү уруудан буйг бэлхнээ харуулж байгаа наад захын жишээ юмуу даа.
За ингээд олон үггүй та нартайгаа эртийн өвгөдийн оюуны охь, уртын сайхан дуунуудаас хуваалцъя.

Түмэн эх
(найр наадмын эхний дуу)
Зээ, эрдэнэт хүний биеийг олоод
Этгээд буруу үйлийг зайлуулаад
Энэ ба хойт явдлыг
Сайтар бүтээхийг шүтэлтэй еэ.
Сайн үйлсийн тулд
Амин зүрхнээсээ
Сайхан төрийн дунд
Ахуй чанараараа
Сайтар чамдаа зүтгэлтэй.
Зээ хөө, олон олон түмний эхийн
Охь манлай энэ болмой яа
Зээ олон жагсаал агтын дотроос
олж жагсаахад хүлгийн байдалтай
Үсэргэхүй наадамд
Үлэмж гоё морь буй зээ хөө
Татаад одохын цагт
Дахин тэмүүлээд
Талбиун ирэхийн цагт
Тасархай ганцаараа тэргүүлээд
Айсуй л байна.
Зээ хөө, олон морьдын түмний эх
Тод манлай торгон жолоо нь энэ болмой яа
Зээ түмэн морьдын давхиа дундаас
Түрүүлэн цойлж торойн давхисаар
Дөрвөн туурайн хурдны тоосыг
Төр улсын наадамд өргөлөө
Зээ хөө, арван цагаан буянаа
Арвижуулан өсгөж
Амар жаргалангаар бас
Бид нар уулзахын тутам
улам улам өрнөхийн бэлэг болтугай, зээ хөө
Зээ эртний ариун буянаа
Элбэгжүүлэн нэмж
Мэндийн бэлгээр хуран цуглаж
Үүнээс хойшид
Зээ хөө, улам улам өрнөхийн
бэлгэ мандах болтугай зээ
Асрын өндөр
Асрын өндөр их заяатай
Ариухан амирлангуй сэтгэлтэй
Алив баясгалант царайг нь үзээд
Учиртай хүүрнэн сууж найрлая
Эртний ерөөлөөр учирсан
Эрхэм үзэсгэлэнт та минь
Эрднэт хүний биеийг олоод
Элдвээр баширлаж яах вэ?
Тухайлан зориглож золгоод
Тунгалаг царайг чинь үзээд
Тольт зүрхнээс сэтгэл маань
Тун ч баярлаж ханана зээ
Эрхмүүдийн урамд таныгаа
Энд нягтлан сууваа
Итгэлт үеийн нөхөртэйгээ
Үймж хөгжин дуулж найрлая
Эртнээс нягталж сонсоод
Итгэлтэй үеийн та нартайгаа
Учиртай сууж бэлгэдээд
Уяран хөгжиж найрлая
Эртний ерөөлөөр учирсан
Эрхэмийн урамтай чинахаа
Эервүү аалийн чинь сайхныг
Эндээс бэлгэдэн дуулъя
Урьхан хонгор салхи
Урьхан хонгор салхинд
Уулын мод ганхдаг билээ
Уяхан гол шиг хүүтэйгээ
Удах тусмаа дасдаг билээ зээ
Хайчин чихтэй шаргаараа
Халхын говийг туулна даа
Хайртай амраг чамайгаа
Ханилах тутмаа дасна билээ зээ
Үнэгэн чихтэй шаргаараа
Үргэлжийн говийг туулна аа
Үнэхээр найртай хүтэйгээ
Удах тусмаа янагшина
Шашир эсвэл Шэшир юм уу дэлтэй шаргаараа
Шаргын говийн туулна даа
Сайхан төрсөн амрагтайгаа
Сардаа нэг уулзана билээ зээ
Өтгөн сүүлтэй хүрэнгээрээ
Өндөр давааг давна
Өөрийн болсон дүүтэйгээ
Одоо нэг золгоно буй
Дүгрэг нуруутай хараараа
Дөхөмийн хоолойг туулна буй
Төвхөн санаатай чамтайгаа
Одоо нэг уулзана буй
Улаан хээр морь минь
Уургынхаа аясыг дагана
Урихан зантай хүмүүн
Нэг зангаараа байдаг билээ
Тэрхээ цорой хатираатай
Өргөн сүүлтэй хүрэнгээрээ
Өдөртөө хүрдэггүй газарт
Өнжин цогисоор хүрдэг дээ
Нанжин согоон чихтээрээ
Намилзан эрвэлзсээр ирлээ дээ
Нарийн гол шиг чамтайгаа
Найрлан сууж хөгжинө
Хөх баглагар модонд нь
Хөхөө шувуу нь донгодоно
Хөөрхөн амраг чамтайгаа
Хөгжин суусаар найрлана даа
Шингэн цагаан үүл нь
Сэрүүн тунгалаг нүүнэ дээ
Сэтгэлийн амраг чамтайгаа
Сэмхэн суугаад найрлана даа
Өндөрлөн харагдах бараа нь
Өөрийн минь нутаг аа
Үнэхээр олон нөхөдтэйгөө
Өнжин найрласаар жаргая
Алсын газрын зэргэлээ
Алсын газрын зэргэлээ нь хөө
Адуу шиг мал шиг торозоно
Алиа хонгор хүү тэнд
Айсуй байхад нь баярлалаа
Хол газрын зэрэглээ нь хөө
Хонь шиг мал шиг торозоно
Хонгор жаахан хүү энд
Хоноод байхад нь баярлалаа
Дуртмал сайхан
(Үлэмжийн чанар дуутай адил таван мэдрэхүйг магтан дуулсан дуу)
Зээ, дуртмал сайхан найрын өнгө
Тунгалаг толиноос тодорхой
Тунамал өгүүлэшгүй хань минь
Тусын нүдэнээ илхэн
Үелэн нийлсэн хөг дууг
Үлэмжээр эгшиглэн байхуй дор
Үргэлждээ найрлан цэнгэх маань
Сонсох чихэнд тодорхойхон
Агар ба занданы үнэрийг үнэртвээс
Сэтгэл ханаж баясахын тул
Анхилуун сайхан ариун чанарт нь
Ашид мөрөөдсөн хүсэл ханав зээ
Найман амт бүрдсэн
Олон голын ус нь
Зуныхаа гурван сард
Зүйтэй сайхнаар мэлмэлзэнэ
Зөөлөн нимгэн хэв торго мэт
Зүйлийн олон өнгийн цэцэг навчис
Зөв салхины аяыг дагаж
Зүйтэй сайхнаар ганхав зээ
Таван биеийг сэхээрүүлсэн
Таван салхины таалал буй
Тавин суусантайгаа
Тавтай сайхнаар жаргая

Эрхэм төр
Эрхэм төр энхжээд
Эрх чөлөө нь тунгалаг
Энгийн олон нөхөдтэйгээ
Үүрд хамтаар цэнгэн жаргая зээ
Өндөр Хэнтийн ар шилд
Өнгөт намрын дунд сар
Халтар халиун буганууд нь
Хангилан дуурсах нь бахтай даа
Хатан Туулаар нутагтай
Хамгаас онцгой чамтайгаа
Хамтаар цэнгэн жаргая зээ
Саран наран шиг дэлгэрээд
Сайн үйлсийг бүтээгээд
Сайтар шамдан хичээж
Сайхан тааваараа жаргая зээ
Энх мэнд
(найр наадам жаргаадаг дуу)
Зээ энх мэндийн баяраар
Үүнээс хойш тунгалаг
Маш бат өнө сайхнаар
Цэнгэн жаргана зээ
Зээ нигүүлсэгч сайхан буяныг үйлдэхэд
Сэнсэн цагаан үүл
Салхи юугаа даган хөөгдөж
Арилах мэт билээ зээ

2010 он  Шанхай хот

没有评论:

发表评论