2016年12月8日星期四

"Альфа хэмнэл" подкаст #1

"Альфа хэмнэл" подкастын анхны дугаартаа 12 толь бичиг зохиож, 32 ном, 1500 гаруй анги кино, дэлгэцийн уран бүтээл орчуулсан нэрт дуун хөрвүүлэгч Доржсүрэнгийн Болдбаатартай хэл сурсан түүх, уран зохиолын орчуулга, амьдралын хэв маягаас эхлээд Монгол улсын хөгжил хүртэл өргөн сэдвээр ярилцлаа.

2016年6月29日星期三

Эмээгийн минь хөх торгон дээл...

    Нагац эмээ минь удам судар сайтай, хөрөнгөтэй бийлэгжүү айлын хүүхэн байсан хэдий ч цагийн муу, нийгмийн хатуугийн эрхээр эгэл бор амьдралыг туулж, олон ам тэжээхийн тулд барилгачин, шаварчин, худалдаачин, худагчин, ер хийгээгүй ажил үгүй, хувцас хунар муутайхан насыг барсан санагддаг юм. Миний л мэдэх нь, эмээ минь тун ховорхон гоёдог хүн байсан. Энгэрт нь Алдарт эхийн хоёрдугаар одон зүүсэн хөх торгон дээл эмээгийн минь цор ганц гангараа. Одоо бол эмээгээс минь надад ганц үлдсэн цор ганц хөрөнгө. Бага байхад, эмээг торгон дээлээ өмсүүт л ямар нэг чухал тэмдэглэлт өдөр, баяр наадам, тэр тусмаа эмээгийн тэтгэвэр буудаг өдөр тохиодог мэт санагдаж баахан хөөрцөглөдөг сөн. Нэг удаа эмээ биднийг дуг нойрноосоо сэрж ядан байхад хэдийн өнөө дээлээ өмсчихсөн гарах гээд зэхэж байх юм. Эмээгийн мээмний хүүхэд болохоороо би түрүүлж сэрээд ямар баяр болж байгааг асуув. Сонгуульд саналаа өгөх юм гэж байна аа. Сонгууль гэдэг чинь баяр юм уу гэж асуутал эмээ, "Тэгэлгүй яахав, ард түмэн төрөө сонгоно гэдэг чинь эрх чөлөө. Эрх чөлөө гэдэг чинь баяр жаргал юм шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Хамгийн сайн хувцсаа өмсөөд санаа өгдөг учиртай юм шүү" гэж билээ. Эмээ минь амьдралын эрхээр эрдэм номын мөр хөөж чадаагүй, эгэл жирийн барилгачин хүн байсан ч эрх чөлөөг баяр баясгалан гэж сэрж мэдэрсэн, ардчилсан хөдөлгөөн, ардчилсан нийгмийг анхнаас нь ухаарч дэмжсэн, цаг үеэс түрүүлж сэтгэдэг хүн байж дээ гэж би санадаг юм. Нагац эмээгийн минь мэдэрч байсан "эрх чөлөө", яг одоо миний бас миний хүүхдүүдийн мэдэрч байгаа "баяр жаргал"-ыг батад хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн тулд "Сонгуульд санаа өгөх ёстой", гаргасан алдааг засалцаж, олсон оноог ахиулах тэр л сонголтыг хийх ёстой гэж итгэж байна. Би "хөх" санал өгсөн. Харин та саналаа өгсөн үү?

2016年6月23日星期四

Одод зөвхөн Америк, Монголоос л төрдөг

      “Зааны байшин” нэртэй ийм нэгэн кафе Шотландын Эдинбург хотод байдаг. Хүүхдийн шидэт уран зохиолын алдарт бүтээл “Харри Поттер” цувралын анхны ботийг зохиолч бүсгүй Ж.К.Роулинг энэ кафед бичсэнийг дуулаад зорьж очсон билээ. За даа, ер нь цай кофе нь учир тоймгүй үнэтэй байдаг байх даа гэж очихоосоо өмнө таамаглаж байсан болохоор орчхоод л гаръя гэж бодсоноо нуух юун. Нэг шинэ юм гараад ирэхлээр нийгэм даяараа хошуураад гүйчихдэг, түүнийг нь дагаад өнөө зүйлийнх нь үнэ нь өсөөд, хэмжээ нь томроод явчихдаг монголын орчин үеийн нийгмийн сэтгэлгээг тээгчийн хувьд би өөрөөр яаж бодох билээ дээ. Тэгтэл шал буруу таамагласан байв.

Бээжингийн тайзнаас...

Хайрт аав минь амьд ахуйдаа хөгжмийн зохиолч хүн байсан болохоор урлагийг хамгийн ойроос сэрж мэдрэх боломж надад их эрт тохиосон юм. Зөвхөн хөгжмийн бүтээл нь бус, аавын минь амьсгал, алхаа нь, тамхины утаа нь ч хүртэл тэр чигээрээ урлаг байсан мэт. Хэрвээ хүний амьдралыг шатаж буй чүдэнз гэж төсөөлбөл өчүүхэн төдий үнс нурамгүй шатаж дуусах нь түүний оршихуйн төгс чанар, эцсийн зорилго юм. Тиймээс миний аавын үхэл ч төгс урлаг байсан гэж би зоригтой хэлж чадна. Өнөө би гучин нас хүртлээ дуулах гэж, хөгжим тоглох гэж, үг хэлэх гэж, шагнал гардах гэж, гардуулах гэж, бүр тайзны гэрэлтүүлэг шалгах гэж ер нь янз янзын шалтгаанаар олон удаа тайзанд гарч байлаа. Гэвч долоон настайдаа аавынхаа уран бүтээлийн тайлан тоглолтонд бүжиглэх гэж гарсан тэр тайз амьдарлын минь хамгийн нандин тайз байсан юм. 

2012年12月14日星期五

Нэгдүгээр бүлэг хэсэг 3: Тогоруу юу луу юу?

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

 Зохиогч: Erik Izraelewicz
          Нэгдүгээр бүлэг    

“Хятад лууг биш тогорууг бэлгэ тэмдэгээ болгох ёстой” гэж Чинхуа их сургуулийн эдийн засагч Хү Аньган Бээжинд тавьсан илтгэлдээ дурдсан юм. /Grue нь франц хэлэнд тогоруу гэдгээс гадна кран буюу өргөгч машин гэсэн утгатай./ Үнэхээр Хятадын газар сайгүй тэнгэр тулж, нар халхалсан өндөр өндөр кранууд эгээ л тогоруун цуглаан юу гэлтэй сүндэрлэх аж. Барууны нэгэн мэргэжилтэн энэ зууны эхээр дэлхийн бүх кран машины тэн хагас нь Хятадад ажиллаж байсныг тооцоолсон. 2002 оноос эхлэн, Хятад улс кран, өргөгч машин, робот гээд бусад бүх төрлийн барилгын машин техник хэрэгслийн дэлхийн хамгийн том зах зээл болж, Америкийг давах болсон юм. Аварга усан сан, онгоцны буудал, далай дээгүүрх машин зам, гүүр, цоо шинэ оффис, орон сууцнууд, далайн түвшнээс дээш өргөгдсөн дэлхийн хамгийн өндөр төмөр зам, үйлдвэр, театр, музей......яг л тэр жилийн Англи, Франц эсвэл Америк шиг, Хятад улс бүх дэлхийн уран барималч, барилгын архитектуруудыг татсан үнэхээр том бүтээн байгуулалтын улс гүрэн болжээ. Хүмүүс энд хаа сайгүй зам, барилга барьж босгож байна. Хатуу хучилттай автозамын сүлжээ нь 1 сая 300 мянган километр, 2020 он гэхэд энэ тоог 2.5 саяд хүргэх зорилт дэвшүүлжээ. Дэлхийн нэрт архитектур Францын Паул Андрей, Английн Норман Фостер, Голландын Рем Күүлхаас бүгд л нэг зүйлийг хүлээн зөвшөөрнө. “Энэ кранууд бол дэмий хоосон мөрөөдөл биш.” Хятадын цементийн хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний талыг эзэлж байгааг дэлхийн статистик тоо баримтууд харуулж байна.

2012年12月8日星期六

Гэрийн даалгавар: "Шанхайн Ислам хоолны газууд өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй" сурвалжлага

      “Ислам хоолны газар өөр шашны хүмүүст үйлчлэх дургүй” гэдгийг “Лан Жоу ислам хоолны газар”-ын үйлчлэгч Ма жүн үгүйсгэхгүй байна. Шанхайн Сун Жиан дүүргийн Оюутны гудамжинд байх энэ ислам хоолны газар хичээлийн өдрүүдэд оюутнууд тасардаггүй, гэхдээ амралтын өдрийн энэ өглөө хөл хөдөлгөөн тун бага байна. Өглөөний 10 цагийн байдлаар дөнгөж 5 дахь үйлчүүлэгчийнхээ захиалгыг авч байна.      Хонь үхрийн махтай 50 нэр төрлийн хоолоор үйлчилдэг энэ хоолны газар амт чанартай, хямд хоолыг хурдан шуурхай хийдгээрэй бусдаас ялгаатай. Гурилтай шөл, будаатай хуурга гэсэн хоёр хоол захиалахад нийлээд 10 юань бөгөөд 10 хүрэхгүй минутанд хийж өглөө.
     Шанхай хийгээд өмнөд хятадад цөөн тааралдах алаг нүдтэй, хүрэл царайтай хүмүүс бол хоолны газрын эзэд болон үйлчлэгчид. Тэд бол Хятадын баруун хойд нутгуудаас ирсэн мусалман хүмүүс. Толгой дээрх тавган хэлбэртэй цагаан малгайгаар нь тэднийг амархан таньж болно. Хөх нуур мужаас ирсэн Ма жүн ч мөн тэдний нэг. 

Гэрийн даалгавар: Африкийн оюутан Тоффек Тоурүтэй хийсэн ярилцлага

   Техник технологийн хөгжлийн үрээр орон зай гэдэг ойлголт улам бүр хумигдаад байгаа юм шиг. Миний хэлэх гэсэн санаа бол ОРОН ЗАЙ бидэнд асуудал байхаа нэгэнт больжээ. Та хаана байхаас үл хамаараад шинэ технологийн хамгийн түгээмэл хэрэгсэл болсон гар утсаа шүүрч аваад юмуу эсвэл бичил компьютероо асаагаад л дэлхийн аль нэгэн буланд байх хэн нэгэнтэй Сайбер ертөнцөд нүүр тулан уулзах боломжтой болчихож. Одоо чухамдаа цаг хугацааны асуудлыг даваад шийдчихвэл ЖИНХЭНЭ СОЛИОРОЛ. Яг л "JUMPER" кинон дээр гардаг шиг. Гэхдээ энэ удаа СОЛИОРЛын тухай ярих гээгүй юм өө.
  Технологийн дэвшлийн буянаар бас олдошгүй дээд хувь тохиолоор миний бие Шанхайд сурахын хажуугаар Авирмэдийн Оюунгэрэл багшаар сэтгүүлзүйн хичээл заалгах болсон тухайгаа л ярих гэсэн юм. Заримдаа хэлний бэрхшээлээс болоод хятад багшийн лекцийг яс махандаа шингэтэл ойлгож ухаарахгүй үе бий. Яг л тийм мөчид Оюунгэрэл багшийн хичээл болон түүний гаргасан "Олон түмний харилцааны онол" нэртэй ном нь надад дэндүү сайн мэдлэг, дэндүү сайн лавлах болж байна.