2016年6月23日星期四

Одод зөвхөн Америк, Монголоос л төрдөг

      “Зааны байшин” нэртэй ийм нэгэн кафе Шотландын Эдинбург хотод байдаг. Хүүхдийн шидэт уран зохиолын алдарт бүтээл “Харри Поттер” цувралын анхны ботийг зохиолч бүсгүй Ж.К.Роулинг энэ кафед бичсэнийг дуулаад зорьж очсон билээ. За даа, ер нь цай кофе нь учир тоймгүй үнэтэй байдаг байх даа гэж очихоосоо өмнө таамаглаж байсан болохоор орчхоод л гаръя гэж бодсоноо нуух юун. Нэг шинэ юм гараад ирэхлээр нийгэм даяараа хошуураад гүйчихдэг, түүнийг нь дагаад өнөө зүйлийнх нь үнэ нь өсөөд, хэмжээ нь томроод явчихдаг монголын орчин үеийн нийгмийн сэтгэлгээг тээгчийн хувьд би өөрөөр яаж бодох билээ дээ. Тэгтэл шал буруу таамагласан байв.

     Голдуу над шиг жуулчин бололтой хар, шар, цагаан, цэнхэр толгойтой олон хүн “Зааны байшин”-д ярьж хөөрөөд тухтай сууцгаах аж. Эндхийн цай кофе, чихэр жигнэмэг амттай мөртлөө үнэтэй биш байв. Дурсгалын зүйлс тавьсан жижиг шилэн хоргонд зохиолчийн гарын үсэгтэй номыг даруухан дэлгэжээ. Ханын нэг буланд “Зааны байшин”-нд номоо бичиж суугаа зохиолчийн фото зургуудыг элдэв чимэггүй өлгөсөн байлаа. Хархан бага наснаасаа бичиж эхэлсэн Роулинг “Харри Поттер” зохиолынхоо санааг хорь гаруйхан настайдаа олжээ. Амьдрал ядуу, нөхрөөсөө салсан, нялх хүүхэдтэй түүнд зохиолоо бичих үзэг цаас ч олдохгүй үе байсан гэдэг. Өрх толгойлсон залуу ээж хүүхдээ салхилуулах далимаараа ойр хавийнхаа кафед сууж бичсээр, “Харри Поттер” цувралын эхний боть болох “Философийн чулуу” бүтээлээ 1995 онд бичиж дуусгажээ. “Харри Поттер” түүнд алдар нэр, эд хөрөнгө, хоёрдахь гэрлэлт, гэр бүлийн аз жаргалыг авчирсан юм. Роулинг өдгөө дэлхийд танигдсан алдарт зохиолч төдийгүй Их Британий хамгийн хүчирхэг, баян эмэгтэйчүүдийн жагсаалтад 12-р байранд бичигдэж байна. Сонирхолтой нь тэрээр гэр бүлийн хамт Эдинбург хот дахь 17-р зууны үеийн хуучин байшинд эгэл даруухан амьдарсаар байна.
    
 
       “Ер нь тэр од мод гэдэг чинь зөвхөн Америк, Монгол хоёроос л төрдөг юм биш үү?” гэж хамт явсан найз минь хошигнож байсан сан. Энэ цагт ч 1995 оны тэр л янзаараа даруухан агаад ихэмсэг сүндэрлэх “Зааны байшин” аливаа юм хэмжээ хирдээ байх шиг төгөлдөр үзэсгэлэн, төгс утга хаана ч байхгүй юм гэдгийг надад ухааруулах шиг болов. Дотоод мөн чанарыг бус гадаад хэлбэр хэмжээг, оюун сүнс бус эд материалыг ялган чухалчилдаг бидний сэтгэлгээ хэзээ зохист аялгуутай болох вэ? Улс орны хөгжлийг олон давхар өндөр барилгаар хэмжих нь хэр оновчтой бол? Монгол даяараа, хот хөдөөгүй мухар сүсгийн далайд живж, янз бүрийн шашны урсгал, элдэв илбэ жатга, хараал ерөөл, эм дом моодонд орсон нь юуных вэ? Нүүдлийн соёл хийгээд суурин иргэншлийн зааг дээр хаашаа замнахаа мэдэхгүй будилах монголчуудын маань нэг хэсэг нь Америк оддын өвчин тусаж, нөгөө хэсэг нь эртний шүтлэг, ид шидэнд хошуурах... “Зааны байшин”-гаас эцэс төгсгөлгүй энэ мэт олон асуултаа дааж ядсаар гарлаа. Нар, сар, од... тийм алс холын юм хүсэмгүй байна. Гагцхүү үр хүүхдээ аливаад эрүүл ухаанаар ханддаг болгож л өсгөх сөн.

Э.Эрдэнэсувд
Шотланд, Эдинбург хот
2015 оны 3-р сар

没有评论:

发表评论