2016年6月23日星期四

Бээжингийн тайзнаас...

Хайрт аав минь амьд ахуйдаа хөгжмийн зохиолч хүн байсан болохоор урлагийг хамгийн ойроос сэрж мэдрэх боломж надад их эрт тохиосон юм. Зөвхөн хөгжмийн бүтээл нь бус, аавын минь амьсгал, алхаа нь, тамхины утаа нь ч хүртэл тэр чигээрээ урлаг байсан мэт. Хэрвээ хүний амьдралыг шатаж буй чүдэнз гэж төсөөлбөл өчүүхэн төдий үнс нурамгүй шатаж дуусах нь түүний оршихуйн төгс чанар, эцсийн зорилго юм. Тиймээс миний аавын үхэл ч төгс урлаг байсан гэж би зоригтой хэлж чадна. Өнөө би гучин нас хүртлээ дуулах гэж, хөгжим тоглох гэж, үг хэлэх гэж, шагнал гардах гэж, гардуулах гэж, бүр тайзны гэрэлтүүлэг шалгах гэж ер нь янз янзын шалтгаанаар олон удаа тайзанд гарч байлаа. Гэвч долоон настайдаа аавынхаа уран бүтээлийн тайлан тоглолтонд бүжиглэх гэж гарсан тэр тайз амьдарлын минь хамгийн нандин тайз байсан юм. 


Үнэндээ бага насны минь амьд дурсамжууд аавтай хамт сарниж одоод нэгэнт хорин жил болжээ. Өчигдөр орой тайзнаас бүжгэн жүжиг үзэж суухдаа, тэр л анхны тайзанд минь зориулж ээжийн минь оёж өгсөн шар цэцгэн хээтэй торгон даашинзнаас хавар үнэртэж байсныг гэнэт санаж, өөрийн эрхгүй догдлон уярав. Урлаг гэгч тийм л увдислаг, гайхамшигтай ажээ.

Бээжинд ирснээсээ хойш хөгжим, дуу, бүжгийн тоглолт багагүй үзжээ. Тоглолт бүрээс сэрэл мэдрэмжийн ертөнцдөө олзтой буцдаг. Гэхдээ өчигдрийн тоглолт бол онцгой. Магад хаврын урин салхинд хөгссөн сэтгэлтэй минь холбоотой байх л даа. Хятадын балетчид, Германы оркестр хамтран “Жызель” бүжгэн жүжгийг Бээжингийн Чинхуа Их сургуулийн их театрт тоглосон билээ. “Жызель” бол арван наймдугаар зуунд өрнөдөд дэлгэрсэн урлаг, утга зохиол, соёлын хөдөлгөөн Романтизм буюу уран төсөөллийн гайхамшигт нэгэн үеийн оргил бүтээл юм. Жүжгийн үйл явдал Рейн голын ойролцоох нэгэн аглаг тосгонд өрнөнө. Эхний үзэгдэлд Жызель нэртэй охин ээжтэйгээ амьдрах бөгөөд дурлалын түмэн ээдрээтэй хувь төөрөөгөө тэвчилгүй хорвоог орхин одно. Хоёрдахь үзэгдэл Жызелийн бунхан бүхий оршуулгын газар үргэлжилнэ. Сартай шөнөөр энд хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнс босож, харсал хорслоо тайлахын тулд залуу эрсийг шидийн хүчээр бүжиглүүлж амийг нь авч оддог аж. Тэд бол Герман, Францын эртний домог дахь веллис шуламсууд юм. Жызель охин бунханд нь ирсэн хайрт залуугаа веллисүүдээс гуйж түйж хамгаалсаар үүр цайлган амийг нь аварснаар жүжиг өндөрлөнө. Сонирхуулж хэлэхэд энэ баллетийг Монгол улсад 1979 онд анх удаа тайзнаа амилуулсан гэдэг.

Монгол улс 20-р зуунд далаад жилийн турш Зөвлөлт Оросын нөлөөнд байхдаа эрдэмтэн мэргэдээ хэлмэгдүүлж, үндсэний бичиг соёлоо халж, үгээр хэлшгүй олон өөрчлөлтийг туулсан нь түүхийн харамсалтай үнэн. Гэвч ахмад үе маань эрхбиш тэнэг улс биш байсан тул өнөөгийн биднийг дэлхийн соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн охь шимээс амлуулж өгсөн нь мартаж боломгүй гавьяа гэж би боддог. Сонгодог урлаг бол тэднээс өвлүүлсэн баялаг, өнөөгийн Монгол улсыг Африкийн ядуу орнуудаас ялгаж, хөгжингүй улсуудтай мөр зэрэгцэн бардам алхах эрх олгодог оюуны дээд соёл мөн. Монгол үндэстэн урлаг соёлын далай мэт өвтэй гээд дэлхийн сонгодогийг үгүйсгэх хүмүүс бас байдаг. Тэдэнд хандаж хэлэхэд, хар түмэн хятадууд хүртэл дэлхийн даяарчлалд уусахаас эмээж байгаа хэрнээ “дайснаа өөрийн бие мэт сайтар таниж мэдэх нь дайнд ялах үндэс болно” гэсэн Лаозын сургаал ёсоор уламжлалт урлаг соёлоо ч өрнийн сонгодогийг ч хойч үе, хүүхэд залуустаа сургахыг эрхэмлэх болжээ. Бээжин дэх Сувдан театрт бямба гараг бүт хөгжмийн тоглолт болдог бөгөөд олон нийтийн хөгжмийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой тул тасалбар нь маш хямд, дээрээс нь хөгжмийн бүтээлийн гоё сайхан нь хаанаа байдгийг үзэгчдэд ойлгуулж, тайлбарлаж ярьж өгдөг юм билээ.

Эцэст нь, бусдын соёлыг ойшоолгүй, өөрийн соёлд хэт өмчирхөг хандах нь магад түүнийг хадгалан хамгаалах бус харин хумьж устгах нөхцөл болдог байж мэднэ. Тиймээс монголчууд минь, япончууд хөөмийлөхөд, хятадууд морин хуур татахад, бусад үндэстэн монгол соёлыг өөрийн мэт зарахад бухимдахын оронд бид дэлхийчлэлийн шуурганд хийсчхэлгүй суурин дээрээ бат зогсоод үлдэж чадах уу гэдгээ бодмоор санагдана.

Э.Эрдэнэсувд
Бээжин хот
2015оны 4 сар

没有评论:

发表评论