2016年6月29日星期三

Эмээгийн минь хөх торгон дээл...

    Нагац эмээ минь удам судар сайтай, хөрөнгөтэй бийлэгжүү айлын хүүхэн байсан хэдий ч цагийн муу, нийгмийн хатуугийн эрхээр эгэл бор амьдралыг туулж, олон ам тэжээхийн тулд барилгачин, шаварчин, худалдаачин, худагчин, ер хийгээгүй ажил үгүй, хувцас хунар муутайхан насыг барсан санагддаг юм. Миний л мэдэх нь, эмээ минь тун ховорхон гоёдог хүн байсан. Энгэрт нь Алдарт эхийн хоёрдугаар одон зүүсэн хөх торгон дээл эмээгийн минь цор ганц гангараа. Одоо бол эмээгээс минь надад ганц үлдсэн цор ганц хөрөнгө. Бага байхад, эмээг торгон дээлээ өмсүүт л ямар нэг чухал тэмдэглэлт өдөр, баяр наадам, тэр тусмаа эмээгийн тэтгэвэр буудаг өдөр тохиодог мэт санагдаж баахан хөөрцөглөдөг сөн. Нэг удаа эмээ биднийг дуг нойрноосоо сэрж ядан байхад хэдийн өнөө дээлээ өмсчихсөн гарах гээд зэхэж байх юм. Эмээгийн мээмний хүүхэд болохоороо би түрүүлж сэрээд ямар баяр болж байгааг асуув. Сонгуульд саналаа өгөх юм гэж байна аа. Сонгууль гэдэг чинь баяр юм уу гэж асуутал эмээ, "Тэгэлгүй яахав, ард түмэн төрөө сонгоно гэдэг чинь эрх чөлөө. Эрх чөлөө гэдэг чинь баяр жаргал юм шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Хамгийн сайн хувцсаа өмсөөд санаа өгдөг учиртай юм шүү" гэж билээ. Эмээ минь амьдралын эрхээр эрдэм номын мөр хөөж чадаагүй, эгэл жирийн барилгачин хүн байсан ч эрх чөлөөг баяр баясгалан гэж сэрж мэдэрсэн, ардчилсан хөдөлгөөн, ардчилсан нийгмийг анхнаас нь ухаарч дэмжсэн, цаг үеэс түрүүлж сэтгэдэг хүн байж дээ гэж би санадаг юм. Нагац эмээгийн минь мэдэрч байсан "эрх чөлөө", яг одоо миний бас миний хүүхдүүдийн мэдэрч байгаа "баяр жаргал"-ыг батад хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн тулд "Сонгуульд санаа өгөх ёстой", гаргасан алдааг засалцаж, олсон оноог ахиулах тэр л сонголтыг хийх ёстой гэж итгэж байна. Би "хөх" санал өгсөн. Харин та саналаа өгсөн үү?

没有评论:

发表评论