2012年12月7日星期五

Шанхай хотоос “Монгол”-оо хайх нь


2009-11-20 in Shanghai

Нэг мэдсэн чинь Шанхай хотод ирээд 65 хоног өнгөөрсөн байх юм.
Хэдийгээр хичээл сургууль гээд зав муутай байгаа ч гэр орон, найз нөхөд, монгол нутгаа санагалзах нь цөөнгүй. Заримдаа монгол дуугаа сонсоод явж байхдаа учиргүй буцчихмаар, болдог бол шувуу шиг далавч ургуулаад нисээд харьчих юмсан гэж мөрөөдөнө. Бас энд тэнд явахдаа “Монгол”-ын гэх зүйл хайгаад нүд минь гүйчихнэ шүү дээ.
Гэхдээ сонин нь Шанхайгаас ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болохоор дог шүү.
Энд ирснээсээ хойш “Монгол түүх”, “Монгол соёл”, “Монгол” зүйлстэй бас цөөнгүй таарсан. Түүнийгээ та нартай хуваалцъя.

“Монгол түүх”

 


            Шанхайн музей ( Shanghai Museum )-д хадгалагдаж байгаа “Чингис хааны алтан зоос”. 2006 онд  Ду вэй шань, Тань Дуан Янь (杜维善, 谭端言) гэж хоёр эх оронч Торгоны зам дагуух эртний улс орнуудын 2000 гаран зоосны цуглуулгаа хотынхоо музейд хандивласан бөгөөд дотор нь энэ зоос байсан байна.
Лондонгийн их сургууль, Иелийн их сургууль, Францын үндэсний төв номын сан гээд дэлхийн нэртэй их сургууль, байгууллагуудын судлаачид энэ зоосыг “Чингис хааны алтан зоос” гэж дуу нэгтэй баталсан.
Зоосны гадна хүрээн дээр бичээстэй байх үгсийг тайлахад:  “Алтан зоосыг 618 онд 伽兹那 (Que Zi Na)-д бүтээв”. Харин зоосны дунд талд “Хаадын хаад, Хамгийн агуу, Хамгийн шударга Чингис хаан” гэж бичээстэй байдаг. 618 он гэдэг нь Арабын он тоолол юм байна.
Дэлхий дээр ийм зоос ердөө 10 хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэ лээ.
Би монгол хүн учир надад энэ зоос бол өвөг дээдсээс ирсэн шүтээн эрдэнэ мэт л санагдсан. Дотроо битүүхэн адис авсан гээд л бодчих.

“Монгол” бяслаг


 
           Нэг өдөр хүнсний дэгүүрт явж байлаа. Эндхийн жижиг сажиг жимс чихэр, хорхой шавжны мах бага биш юм болохоор нэг дэлгүүрт ороод бараг 30 минут хэслээ. Жаахан амттан авчихаад гарах гэтэл үүдэн тушаа газар харин танил үсэг, танил үг таардаг юм даа.
           Энэ бол Өвөрмонголын нэгэн хүнсний үйлдвэрийн “Монгол бяслаг” шошготой ааруул шүү дээ. Нэг нь 6 юань. Би хоёрыг авч монгол үндэстнийхээ үйлдвэрлэлийг дэмжлээ. За тэгээд гэртээ харьж ирээд уутыг нь задлахаасаа зургийг нь нэг авчихаад, гэрээ санасан хүнийг ч хэлэх үү амруугаа хэд хэдийг шидэж үзлээ. Бурхаан, зүгээр ирис чихэр ээ. Энд сүүний орц ер нь байна уу даа гэж эргэлзэж ядсан. Шал дургүй хүрлээ. “Ааруул гэж ийм юм байдаг юм уу? Өвөр нөхдүүд бас арай ч дэндүүлжээ” гэж сэтгэл дотроо өөрийн эрхгүй гоншгоносон.
            Удалгүй Өвөр монголын хөдөө нутгаас миний захиасаар илгээмжээр ориг бяслаг ирлээ. Учиргүй баярлаад бас л амруугаа ганц хоёр хавтгайг шидчихлээ. Бурхаан, ямар ч амт үнэр алга аа. Гэхдээ дээрх ирис маягийн хуруудыг бодвол мэдээж гайгүй л дээ. Гэсэн ч “Ямар сонин юм бэ, яагаад ийм амтгүй, бас үнэргүй ч байдаг байна аа” сэтгэл минь дахиад л гоншгонолоо доо. Гэвч хэд хоногийн дараа гайхамшиг гараад ирэх нь тэр. Өнөө бяслаг маань хачин их амт ороод явчихлаа. Учрыг нь олж ядаад байсан чинь, миний амтлах эрхтэн сайн ажиллаж эхэлснийг анзаарсан. Тэгээд би бодож байлаа. Шинэ цагийн бид цаг тутамд олон янзын амт мэдэрдэг, гэтэл магадгүй түүний сул тал нь амтлах мэдрэмжээ бага багаар алдаад, химийн хольцгүй цэвэр бүтээгдэхүүний жинхэнэ амтыг сулхан мэдэрдэг болсон юм шиг.
          Үйлдвэрийн “Монгол бяслаг”, хөдөөний ориг монгол бяслагаа хичээл дээр авч очоод хятад хүүхдүүдийн дунд амталгаа явууллаа. Энэ удаа үйлдвэрийн “монгол бяслаг” хожиж, хөдөөний ориг бяслаг маань нэг хүний санал авч илт ялагдлаа. Тэр үнэтэй ганцхан саналыг миний өрөөний Африк охин Мари өгсөн юм.
          Кацүма гэж япон багш бидэнд тэр жил маркетинг зааж байхдаа: “Хамгийн сайн маркетинг гэж юу вэ? Хамгийн хэрэггүй бүтээгдэхүүнийг хамгийн хэрэгтэй мэтээр ойлгуулж их хэмжээгээр борлуулахыг хэлнэ” гэж байсан шүү.
         Үүнээс бяцхан дүгнэлт хийхэд,  Өвөр монгол найз нарын “Монгол бяслаг” -ны маркетингийн судалгаа маш оновчтой болсон байна ш дээ. Орчин цагийн бидний, тэр дундаа хятад хүний амтлах мэдрэмж хэдийнээ сул болсон тул, “Монгол бяслаг”-ын бяслаг нэрийг нь үлдээгээд, бусдыг нь элдэв химийн орцоор бөмбөгдөж, бас гоё баглаж боогоод Шанхай хотын зах зээлд шахсан байна. Тэгээд би ч юмуу нэг нөхөр 12 юаниар 2 уутыг авсан байгаа. Энэ л тэр чигээрээ гайхамшиг л даа.  Ар монголын ах дүү бид нар бас үүнээс сурмаар аа. Үнэндээ Хятадын, Шанхайн зах зээл бол том дэлэнтэй саалийн үнээ ш дээ.


“Монгол” соёл


         Хэд хоногийн өмнө би интернэтээр хэд хэдэн ном худалдаж авлаа. Тэр дунд “Монгол ардын дуу” 100 бадаг гэсэн нэртэй сайхан ном бас бий. Өвөр Монголын сурган хүмүүжлийн хороо манайхаар бол Өвөр Монголын боловсролын комиссоос энэ номыг хэвлүүлэн гаргажээ. Худан монгол бичгээр хэвлэсэн энэ номноос би урьд хожид сонсч мэдэж байгаагүй олон сайхан түүх, олон сайхан соёлтой танилцсан. Ардын дуу тэр чигээрээ үүх түүх, соёл уламжлал юм байна. Бурхаан, энэ бяцхан биенд минь хачин их ухаарал, хачин их бодрол авч ирсэн шүү.
          Манай Ар халхчууд гэж хорвоо дэлхий дээрх хамгийн сайхан өөгүй өндөг шиг улс Өвөр монгол хүмүүс л адгийн шаар, цэвэр хятадаасаа муу муухай гээд л байдаг. Атал Хятадын Их гүрний дээрэнгүй бодлогод устаж мөхөлгүй өөрийн үндэстний соёлоо энэ хүртэл түгээж чадаж байна ш дээ.
          Бас нэг зүйлийг хэлэхэд, Ар Халхчууд бидний тэнэг нь дэндээд, өөрсдийн энх тунх амьдралын төлөө төрсөн хэдээ талыг нь урд айлд, талыг нь хойд айлд аргагүй өргүүлснээ мартчихаад, ичихгүй одоо төрснөө танихгүй мэт жүжиглэх, өөрсдийн мах цусны тасархай биш гэж зугтах нь малын муу, хүний адаг мэт.
          Бидний өнөөдөр туурга тусгаар Монгол улс гэж байгаа нь 1.56 сая хавтай дөрвөлжинд хөөрцөглөн суугаа хэдэн шинэ нацистын ач буян биш шүү дээ. Хичнээн олон сая монгол хүн, тэдний аав, өвөө нар өнөөдөр манай саарал ордны орой дээр намиран байх Монгол төрийн далбааны төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн билээ гэдгийг мартаж болмооргүйсэн. Миний мэдэх нэг өвөр найзын маань өвөө нь Богдын цэрэгт татагдан, байлдаж явсан гэдэг. Тийм хүний үр садыг хятадын харъяанд байгаа монгол нутагт төрсөн гэдэг ганцхан шалтгаанаар хамаагүй доромжлон гутаах нь сэгсгэр гэж эхийгээ, сиймхий гэж гэрээ голсон манай баясгалант эх оронч, халх үхрүүдийн ичихгүй хийж чадах ганц ажил.

Дугуйлан
Багларч цуглармагц дугуй болсон юм
Бат жигд журмаа баръцгаая даа хөө
Долоон хошууны тогтолгоонд дугуй болсон юм
Дотор муутай Гамингуудыг тогжир болгоё хөө
Да хүрээ, даян түмэн эзэн суух юм байна
Дарлаж байсан Манжийн ёс бат үгүй болсон шүү
Ган сум гал буугаа баръцгаая бид
Газар бүгдийн Гамингуудыг дарцгаая хөө
Дарь сум Шаньши буу Дугуйлангийн зэвсэг
Даян түмнийг захирч байсан Гаминг мөхөөе бид

Номон дотор ийм нэгэн дуу байна. Энэ дууны тухай нэгэн түүхийг найз маань надад ярьж өгсөн. “Дугуйлан”-ийн тухай бид бүгд мэднэ. Гэхдээ яагаад дугуйлан гэж гарч ирсэн тухай хэрэв миний үеийн залуу хүн сайн мэдэхгүй байгаа бол өөрийн үгээр жаахан тайлбар хийе. Манж Чингийн дарлалын үед, тэд монголыг хятадад уусгах, соёлыг нь мөхөөх бодлого барьж байсан бөгөөд олон хятад хүмүүсийг Ар, Өвөр монголын нутагт илгээж байсан гэдэг. Тэр үед монголчууд хятад хүмүүсийг “Иргэн хүн” гэж нэрлэдэг байжээ. “Иргэн” гэдэг үгийн язгуур нь ирэх буюу хэсүүчлэн тэнүүчилж ирсэн харийн хүн гэсэн утгатай. Ийм иргэн хүн бүх монголын газар нутгийг эгээ л хээрийн бор огтоно шиг нүхлэн сууж эхэлсэн гэдэг. Энэ үед газар шорооныхоо төлөө тэмцэл хийх монгол хүмүүс мөн ч цөөнгүй байжээ. Манж амбанд газар шорооны төлөө хэрэг зарга мэдүүлэх үед тэд заргын бичиг дээрээ гарын үсгүүдээ дугуйруулан бичицгээдэг байж. Энэ нь үймээн самууны удирдагч, босогчдын толгойлогч хэн гэдгийг мэдэгдүүлэхгүй байх нэг уран арга байсан. Эндээс улбаалан тэр үеийн бүлгэмийг Дугуйлан гэж нэрийдсэн бололтой.

           Дууны тухай түүх гэвэл: Өвөр Монголын Ордосын Ү Шин хошуунд Өлзийжаргал нэртэй газар шорооныхоо төлөө тэмцэгч шинэ цагийн баатар байжээ. Энэ хүн 1920-1930 оны үеийн хүн бололтой. Тухайн үед лам байсан ч , эх нутгийнхаа төлөө Ордос чуулганы 7 хошууг тэргүүлэн гартаа буу барьж ширүүн тэмцэл хийж байсан. Түүний хувьсгалч амьдрал гунигтай төгссөн ч баатар зоригийг нь нутгийн ард магтан дуулж, энэ дууг өнөө хир дуулцгаадаг гэнэ.
           За ингээд Шанхай хотод  “Монгол түүх”, “Монгол соёл” ,”Монгол бяслаг” -тай таарсан маань энэ. Бас нэг зүйлийг дурдахад сая лхагва гараг сургуулийн хувилах газар бичсэн зүйлсээ хувилаад сууж байлаа. Нэг хятад залуугийн утас дугарлаа. Дуу нь манайхны дуулдаг нэг дуу. Зохиолын дуу… Авч би нэрийг нь бодоод бодоод олсонгүй…
           Соёлоо хамгаалана гэдэг чинь энэ шүү дээ. Эрвийх дэрвийхээрээ дэлхийн ард түмэнд таниулан сурталчлах нь энэ хавтгайран буй дэлхийд үндэстнээ аврах хамгийн том арга. Яг л Японы сумо шиг. Хичнээн олон гадаад бөх сумогийнх нь түрүүг хэдэн жил дарааллан аваад байхад, Япончууд огч уурлаад, бослого тэмцэл хийдэггүй нь сонин….Яагаад тэр вэ? Учир нь Сумо олон улсад танигдах тусам, Сумо хийгээд Япон соёлын оршин тогтнох суурь улам бат бөх болж буй гэдгийг цаадуул мэдэж байна л даа. Хаха…Үүнээс илүү арга гэж юу байхав.
Монгол соёлоо түгээе….

没有评论:

发表评论