2012年12月8日星期六

Нэгдүгээр бүлэг хэсэг 1: Хятадын өөрчлөлт буюу арьс нь гуужсан могой

Quand la Chine Change le monde….
“Хятад дэлхийг өөрчлөх үед….”
Нэгдүгээр бүлэг
Арьс нь гуужсан могой
La Mue Du Serpent
Шанхайн Пүдун шинэ дүүрэг

1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пүдун шинэ дүүргийн барилгын талбай дээр хүрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пү (黄浦江) мөрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдүйн “Шинэ дүүрэг”-т хүрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.


Аялалын замд ерөнхийлөгчийг дагалдан явсан сурвалжлагч болон бизнесмэнүүд цагийн зөрүүнээс болж ядрахдаа машины дуунд хүч нэмэн хамар татацгаан унтана. Хоёр цагийн дараа бид асар том хоосон талбайд ирэх нь тэр. Энд тэндгүй шавар шалбааг, шороон зам, тэр ч бүү хэл үр тариа найгасан тариан талбай ч харагдлаа. Хэдэн трактор тэнд газар тэгшлэх аж. Мөрний цаад эрэгт сүндэрлэн байх 20, 30 –аад оны хуучин барилгууд тэдний хотын захиргаанаас ердөө хэдэн зуухан метрийн цаана байх нь холоос харагдлаа. Энэ нь биднийг “Дорнын Парис”-т зогсож байгаагаа дахин нэг санахад хүргэсэн юм. Хятадын талын нэгэн хүн бидэнд тайлбарлаж: “Энд бид Пүдун –ыг байгуулах юм. Шанхай өргөжин тэлж, энэ бүс нутаг хийгээд бүх Хятадын санхүү, эдийн засгийн төв болох юм. ” гэдэг юм байна. Нилээд нухацтай тайлбарлахын тулд энэ залуу ажилтан бидний хэдэн төлөөлөгчдөөс барилгын талбайд байх жижигхэн модон байшинд орохыг хүслээ.
Авсаархан энгийн энэ байшинд асар том хэмжээтэй 3 макет байх юм. Эхнийх нь “Шанхай 1995”. Хуан пү мөрний эрэгт, хуучин дүүргийн эсрэг талд жинхэнэ “Манхетон” гэмээр том том байшин барилга сүндэрлүүлэн хийж. Хоёр дах макет нь “Шанхай 2000”. Эхний “Манхетон” хүүхэд төрүүлчихэж гэлтэй. Дөрвөн шинэ “Манхетон”. Гуравдахь макет хэлбэр хийц, хэмжээ домжоогоороо бидний анхаарлыг эрхгүй татлаа. Өнөө залуу ч толгой эргэж, нүд эрээлжилмээр олон тоо баримт, төсөл хөтөлбөрийн тухай ярьж гарлаа. “Бидний хот дэлхийн хамгийн том боомт болно. Дэлхийн санхүүгийн төв болж ч магадгүй” гэж бидний хэн нэгний чихэнд сонстох шиг боллоо.
“Бардам ам, шалдан гуя” тэдний ярианд эргэлзсэн нэгэн франц бизнесмэн сэтгүүлчид сэм хэлж байх юм. Бизнесмэн Пүдуны тухай хамгийн анх сонсч буй нь энэ юм. Бас хамгийн сүүлчийнх нь гэж тэр бат итгэнэ ээ. Учир нь маш олон ядуу улс орон үүн шиг том том, сайхан төсөл баталчихаад хэрэгжүүлж эхлээ ч үгүй байхдаа шантраад орхиж байсныг тэр нүдээрээ олонтаа харсан билээ. Энэ бол түүний хувьд зүгээр л “Хаадын сэрүүн зүүд”, хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл. Alstom, Aerospace, Citroen компаниудын төлөөлөгчид ч энэ талаар түүнтэй санал нэг байлаа.
2003 оны 12 дугаар сар, 13 жилийн дараа Францын Ган төмөрлөгийн компаний захирал асан бөгөөд Францын Сангийн яамны сайд Francis Mer хэдэн бизнесмений хамтаар Шанхайн Пүдуны олон улсын нисэх буудалд газарджээ. Герман нөхдүүд тэдэнд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг барьж өгчээ. Нүүр царайгаа бүрэн сольсон Шанхай хот хамгийн орчин үеийн нисэх буудлаа галт тэргэний замд холбосон байх ажээ. “7 минутанд 35 километр гэнэ ээ ! Цагт 300-400 киломерт хурдлана гэсэн үг. Энэ чинь Францын өндөр хурдны галт тэрэгнээс хэд дахин хурдан байх нь” гэцгээнэ. Замын баруун талд, өндөр байшин барилга сүндэрлэн, өргөгч Кранууд энд тэндгүй дүүжлээтэй. Замын зүүн талд бас л байшин барилгууд, кранууд. Энгийн авто зам, хурдны зам, 6 урсгалтай, бүр 8 урсгалтай замууд хотыг хирсэн байх юм. Асар том гүүр бас газар доогуурх туннель Хуанпү мөрний хоёр эргийг холбох аж. Гадаадын төлөөлөгчдийг хүлээн авдаг заншлаараа, Хятадын тал Францын төлөөлөгчдийг хуучин дүүргийн төв талбайд байх “Хотын музей”-рүүгээ шууд авч явлаа. Музейг тойрон драмын шинэ театр, шаазан эдлэлийн шинэ музей бас хотын захиргааны шинэ байр тэнгэр тулан сүндэрлэн байна.
Энэ бол өнгөрсөн зууны өнөө гайхалтай төлөвлөгөөнийх нь бодот үр дүн байлаа. Ердөө 15 жилийн дараа “Том” Шанхайн нөгөө “Том” макет нүдний өмнө биелээд босоод иржээ. Тэгээд зогсохгүй одоо ч өргөжин тэлж, улам л “Том”-орсоор байна. Энэ бүхэн бидний урьдын бүх эргэлзээ тээнэгэлзээг нураан хаясан. Энэхэн үест
хүн бүр л хараа бэлчээн  Шанхайн өөрчлөлт шинэчлэлтийг гайхан шагшана. “Бид сүүлийн 8 жилийн дотор 4000 өндөр байшин барилга барьсан. Жил бүр 200000 орон сууц ашиглалтанд оруулж байна. Хэдэн зуун километр авто зам……” гэж Музейн тайлбарлагч ярилаа. Тэрээр үргэлжлүүлэн: “Бид удахгүй газар доорх усан боомт байгуулах гэж байгаа. Хүмүүс дэлхийн хамгийн урт гүүрээр дамжин энэ боомт руу нэвтэрч байх юм. ” гэж нэмж хэллээ. Энэ удаа эргэлзэх хүн гарсангүй. Пүдун баригдчихлаа. Шанхай ч тэлж байна. 2010 онд болох Дэлхийн үзэсгэлэн яармагт бэлдээд тэд завгүй байна.
Венец, Амстердам, Нью Йорк хотууд түүхийн нэгээхэн хугацаанд дэлхийн эдийн засгийн төв боомт болж байсантай адил, Шанхай хотод 21 дүгээр зууны эхний хагасыг байлдан дагуулах “Дэлхийн хот” болох боломж бүрэн байна. Хэдийгээр Хонг Конг, Сингапур зэрэг түүний ойролцоох бүс нутгуудад өрсөлдөөн маш хүчтэй өрнөж байгаа ч Шар мөрний аман дээр байрлах Шанхай хотод боломж хамгийн их бий. Түүхийн бүх цаг хугацаанд аль нэгэн хот дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн эдийн засаг санхүүгийн төв болж байсныг Францын түүхч эрдэмтэн Фернанд Бродель (Fernand Braudel) –ийн судалгаа харуулдаг. Ийм хотууд ихэвчлэн далайн эргийн боомт хотууд байдаг. Тэд өөрийн улсаа дэлхийн бусад хотуудтай холбох хийгээд өөрийн улс орноо тэдгээр улс орнуудтай худалдаа, санхүү, соёл, бүр цаашилбал улс төрийн харилцаанд оруулах чухал үүргийг хүлээдэг юм. Ийм хотууд нийслэл хоттойгоо өрсөлдөх хэмжээний хүчирхэг байдаг. Шанхайн гарт “Ноён” хөзөр бий.
Хэрэв Марко Поло бидний өнөө цаг үед амьд сэрүүн байгаад, сүүлийн 10 гаран  жил Шанхайд хэд хэд ирсэнсэн бол түүний өөрчлөлтийг хараад мэл гайхаж цэл хөхрөх байсан нь дамжиггүй. Энүүхэндээ гэж хэлэхэд, Хятадын өөрчлөлт яг л арьс нь гуужсан могой адил… …Энэ бол Хятадын эдийн засгийн шинэчлэлийг илэрхийлэх хамгийн сайн дүрслэл. 18 дугаар зууны сүүл үеийн Англи болон Европын улс орнууд, 19 дүгээр зууны Америк, Японыг залгамжлан Хятад аж үйлдвэрийн хувьсгалаа урагшлуулсаар байна. 16 сая хүн амтай Шанхай хот бол яахын аргагүй Хятадын хурдацтай хотжих хөдөлгөөний бэлэг тэмдэг юм. Асар олон сая ядуу тариачин ажилчдын нүүдлийн цуваа галзуу хурдан хөгжиж байгаа энэ хот руу чиглэх болсон. Чухам энэ хотод аж үйлдвэржилт толгой эргэм хурдтай явагдаж, аварга том дэд бүтцийн систем хийгдэж, хөдөлмөрчдийн асар өргөн фронт төвлөрч, бүх дэлхийд нээлттэй янз бүрийн байгууллагуудыг барьж босгож байна (Боомт, музей, их сургууль гэх мэт). Эцсийн бүлэгт энэ нь дунд хөрөнгөтний давхрагыг бий болгож, масс худалдаа хийгээд масс худалдан авагчдын хэрэглээний цаг үеийг авчрах болно.
1966-1976 оны “Соёлын хувьсгал” Хятадын эдийн засгийн хөгжилд харамсмаар их гарз хохирол учруулсан. Түүний дараа Хятадын эдийн засаг төвийн төвлөрсөн төлөвлөгөөт системээс зах зээлийн тогтолцоо руу шилжсэн. Мао Зэдун таалал болсны дараа 1978 онд түүний залгамжлагч Дэн Сиаопин намын нэгдүгээр хүн болж, эдийн засгийн шинэтгэлийг эхлүүлэн, “Баялагийг бүтээцгээе” гэж ард түмэндээ уриалсан юм. Энэ шинэтгэлийн үр дүнд 100 хувь улсын хараанд байсан эдийн засаг Хятад хүмүүсийн хэлэх дуртай “Социолист зах зээлийн эдийн засаг” болж хувирсан юм. Чөлөөт байдал, хувьчлал, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодолго нэвтрүүлэх болсон нь чухам юутай ч эгнүүлэшгүй далайцтай, хурдтай шинэчлэлийн түлхүүр байсан.
Гэвч бас нэгэн зүйлийг хэлэхэд, Хятадад өрнөж байгаа аж үйлдвэрийн хувьсгал нь огтхон ч эрсдэл дагуулахгүй гэвэл дэндүү дэлстүүлсэн хэрэг болно. Цагийн урсгал энэ улсын нийгэм, газар зүй, санхүү эдийн засаг хийгээд улс төрд багагүй шарх сорви үлдээсэн гэдгийг энэ улсыг ойлгодог, мэддэг хүмүүс хүлээн зөвшөөрөх байх. Хятадын эдийн засаг сэргэж, хөгжиж байгаа нь агуу том амжилт хэдий ч цагийн урсгалаас үүссэн энэ шарх сорвиуд түүний ирээдүйд хэрхэн нөлөөлж болохыг бас судлах хэрэгтэй. Харамсалтай нь хэзээ ч эцсийн дүгнэлтийг хийх боломжгүй л дээ. Хятадыг гэнэтхэн сэхэж сэнхийж эхлэхэд Америкийн ажиглагчид “Хөөс”-ний тухай онол гаргаж, Хятадын эдийн засаг огцом тэлж байгаатайгаа адил удахгүй огцом агших болно гэсэн таамаглал дэвшүүлцгээж байлаа. Америк гэлтгүй Европ ч тэднээс сэрэмжилж эхэлсэн. Тухайлбал, Францын нэрт хятад судлаач Jean-Luc Domenach өөрийн нэг номоо “Хятад хаашаа явна вэ? ” (Où va la Chine?) гэж нилээд эргэлзсэн өнгө аятай нэрлэсэн бий. Аж үйлвэрийн хувьсгал гэдэг угаас тогтуухан урсгалтай гол биш ээ. Тооцоолоогүй том давалгаа, усны цалгиа бүрээс тойрч гарах аргагүй ч гэсэн Хятадын аж үйлвэржилт дэлхийн түүхэн дэх урьдах туршлагуудын нэгэн адил цаашид үргэлжилсээр магадгүй дэлхийн эдийн засгийг өөрчилж чадах ч юм билүү? Хэн мэдэхэв.

Үргэлжлэл бий.

Шанхай хот
 
 
 
Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл…
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл……Хөгжил……чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр…
Урт аянаа үргэлжлүүлэх нь 
 Нэгдүгээр бүлгийн дүнгэлт

 

没有评论:

发表评论