2012年12月8日星期六

Гэрийн даалгавар: Африкийн оюутан Тоффек Тоурүтэй хийсэн ярилцлага

   Техник технологийн хөгжлийн үрээр орон зай гэдэг ойлголт улам бүр хумигдаад байгаа юм шиг. Миний хэлэх гэсэн санаа бол ОРОН ЗАЙ бидэнд асуудал байхаа нэгэнт больжээ. Та хаана байхаас үл хамаараад шинэ технологийн хамгийн түгээмэл хэрэгсэл болсон гар утсаа шүүрч аваад юмуу эсвэл бичил компьютероо асаагаад л дэлхийн аль нэгэн буланд байх хэн нэгэнтэй Сайбер ертөнцөд нүүр тулан уулзах боломжтой болчихож. Одоо чухамдаа цаг хугацааны асуудлыг даваад шийдчихвэл ЖИНХЭНЭ СОЛИОРОЛ. Яг л "JUMPER" кинон дээр гардаг шиг. Гэхдээ энэ удаа СОЛИОРЛын тухай ярих гээгүй юм өө.
  Технологийн дэвшлийн буянаар бас олдошгүй дээд хувь тохиолоор миний бие Шанхайд сурахын хажуугаар Авирмэдийн Оюунгэрэл багшаар сэтгүүлзүйн хичээл заалгах болсон тухайгаа л ярих гэсэн юм. Заримдаа хэлний бэрхшээлээс болоод хятад багшийн лекцийг яс махандаа шингэтэл ойлгож ухаарахгүй үе бий. Яг л тийм мөчид Оюунгэрэл багшийн хичээл болон түүний гаргасан "Олон түмний харилцааны онол" нэртэй ном нь надад дэндүү сайн мэдлэг, дэндүү сайн лавлах болж байна.

      Багшийг ийм төрлийн сургалт явуулдаг тухай түүний блог болох (mongolianjournalism.blogspot.com) дээрээс мэдсэн. Багш надад амралтын өдрүүдэд онлайнаар хичээлээ заадаг. Энэ нь миний хувьд хамгийн анхны зайны сургалт юм л даа. Маш үр дүнтэй, сонирхолтой санагдаж байгаа.  Хэдийгээр хэвлэл мэдээллийн салбарт 5 жил гаран ажилласан боловч яг онолын зүйлүүдээ огт мэддэггүй байснаа мэдэж авсан. Сэтгүүлзүйд улам л татагдан, илүү их судлахыг хүсч байгаа.
             Багш надад өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр ярилцлага хийх даалгавар өгсөн. Би нилээд бодсоны эцэст ангийнхаа Африк залууг сурвалжилсан юм. Ярилцлага хийхэд, ер нь мэдээ бичихэд ч тэр нэг өнцөг барьж авах нь чухал байдаг тухай багш хэлж байсан. Гэтэл надад маш олон өнцөг, олон сэдэв харагдаад болдоггүй ээ. Чухам аль өнцгийг барих вэ гэдгээ сонгох нь маш амаргүй бөгөөд магадгүй сэтгүүлчдийн ур чадварыг харуулдаг гол үзүүлэлт байх аа.Ярилцлагаа доор оруулъя. Гэхдээ мэдээлэл өгөх зорилгоор л доо. Тэрнээс биш би ямар мундаг сэтгүүлч биш, сайн ярилцлага болсон эсэхийг мэдэхгүй юм аа.

                                Шанхайд харуудыг ялгаварладаг
31 настай Африкийн оюутан Тоффек Туорүтэй хийсэн ярилцлага

 -  Өөрөө Африкийн Малигаас ирсэн тийм ээ? Мали улс Египттэй ойрхон билүү?
- Тийм ээ. Гэхдээ яг ч ойрхон биш л дээ. Манай хөрш орнууд гэхээр Морроко, Мауритания, Алжир, Нигер гэх мэт улсууд юм. Тивийнхээ хувьд авч үзэхийн бол бас ойрхон гэж хэлж болно. Учир нь Египт Африкийн зүүн хойд бүсэд, Мали баруун хойд бүсэд байдаг. Би Египтэд 7 жил сурсан. Сэтгүүлзүйн баклавр болон магистраа тэнд хамгаалсан.

 - Шанхайд бас сэтгүүлзүйн магистрт сурч байгаа биз дээ?
- Тийм ээ. Египтэд би практик магистр хамгаалсан. Одоо энд цэвэр онолын магистрт сурч байгаа.

 - Египтэд сурах Хятадад сурах хоёрын ялгаа?
- Маш их. Хэлний бэрхшээл, соёлын орчин, амьдрал ахуй, цаг агаар гээд бүх л талаар өөр. Египт Африкт оршдог, тэдний хүн амын 40-өөс багагүй хувь нь хар арьстнууд, тэд ислам шашинтай бас арабаар ярьдаг. Иймээс надад бэрхшээл бараг учирч байгаагүй. Гэтэл Хятадад бол өдөр тутам соёлын шок гэмээр олон асуудал үүсдэг. Хамгийн том бэрхшээл бол тэдний арьсны өнгөний үзэл. Хятад хүмүүс ил гадуурхаж, ялгаварлаад сүйд болохгүй ч гэсэн биднийг гудамжаар явж байхад байнга гар заан ярилцана, зарим нь нууцаар зураг авна. Энэ бол маш бүдүүлэг хэрэг. Биднийг таньдаг найз нөхөд маань ч гэсэн заримдаа байж боломгүй тэнэг зүйл асуудаг. Жишээ нь: Та нарын үс яагаад буржгар байдаг юм бэ? Арьс чинь яагаад ийм хар юм бэ? гэх мэт.

 - Ийм үед чи яаж хариулдаг вэ?
- Ирээд удаагүй байхдаа би их уурлаж, их тайлбарладаг байсан. Тэд дэндүү олуулаа, бас бидний тухай мэдлэг тун бага учраас уурлах нь юмуу тайлбарлах нь цагийн гарз юм байна гэж удалгүй мэдсэн. Одоо бол энэ асуултыг нь асуултаар хариулдаг. Та нарын үс яагаад шулуун, та нарын арьс яагаад ийм дэндүү шар юм бэ гэж.

 - Тэд яагаад хар арьстнуудад ингэж ханддаг гэж бодож байна?
- Мэдлэг мэдээлэл дутуу, ойлголт муу, соёлын орчин өөр учраас. Ядахад эндэхийн телевизүүдээр Африкийн тухай гаргахдаа дандаа ядуурал, өлсгөлөн, дайн дажин, мөргөлдөөн, аллага таллагыг нь үзүүлэх юм. Үүнийг сэтгүүлчид бид өөрчлөх хэрэгтэй.

 - Арьсны үзэл өдөр тутмын амьдралд чинь нөлөөлдөг гэлээ. Энд ажилд орох, сургуульд сурах, эмчилгээ хийлгэх зэрэгт нөлөөлж байна уу?
- Би энэ тухай саяхан нэг франц сайт дээрээс уншсан. Хятад хүмүүс мөнгийг хэт шүтдэг учраас, гадаадуудад их элэгтэй. Цагаануудыг харуудаас илүү үзэх төдийгүй харуудыг дотор нь Африкийн болон Америкийн гэж ялгавартай ханддаг тухай бичсэн байсан. Би үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ сургуульд сурах болон эмнэлэгт үзүүлэхийг оруулж чадахгүй нь. Учир нь бид төлбөрөө төлөөд үйлчилгээ авч байгаа тул тэд дуртай байдаг. Харин ажилд ороход бол маш ихээр нөлөөлдаг.
 Миний Америк хар найз нар Шанхайд олон бий. Мэдээж тэдний нас, мэргэжил, мэдлэгийн түвшин янз бүр. Гэхдээ тэдэнд хятад хүмүүс ажиллах санал их тавьдаг. Гэтэл биднийг Африкаас ирсэн гэдэг ганцхан шалтгаанаар хүмүүс ажилд авдаггүй. Жишээ нь, Би дээд боловсролтой. Франц, Англи, Араб бас Мали хэлтэй. Бас одоо хятад хэлээр дажгүй ярьдаг болсон. Зөвхөн арьсны өнгө, үндэстэн өөр учраас энд ажилд ороход чадварыг маань үнэлэхгүй байна.

 - Ийм байдал өөрчлөгдөх болов уу? Юу гэж бодож байна?
- Мэдээж өөрчлөгдөх байх. Гэхдээ урт удаан цаг хугацаа хэрэгтэй. Америк, Европт ч ийм арьсны үзэл их л байсан. Одоо тэд өөрчлөгдсөн. Хятад хөгжиж буй орон хэдий ч асар хурдан хөгжиж байна. Үүнийгээ дагаад арьсны үзлээ ч гэсэн гээх байх гэж би маш их найдаж байна.

 - Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.


 
Шанхай хот
Э.Эрдэнэсувд
2010.04.03

没有评论:

发表评论