2012年12月8日星期六

Шинхуа агентлаг 1975 оны мэдээ: ЗХУ Монголын газрын баялагийг дээрэмдэж байна.

Албани улсын "Эв нэгдэл" сонин: ЗХУ "Эдийн засгийн хамтын нийгэмлэг" нэрээр "Интеграцчлал" явуулна хэмээн худал сийгэж,"Хамтран ажиллах" нэрээр Монголын газрын баялагыг дээрэмдэж байна. Шинхуа агентлаг Тирана хот 
1975 оны 6 сарын 28 -ны мэдээ 

           Албанийн "Эв нэгдэл" сонин 28-ы өдрийн нийтлэлдээ "Эдийн засгийн хамтын нийгэмлэг" нэрийн дор "Интеграцчлал" явуулж буй Зөвлөлтийн үйл ажиллагааг эрс буруу шаав.  "Зөвлөлтйн явуулж буй Интеграцчлах үйл явц гэгч нь Кремлийн ордны зүүн Европ дахь боолчлолоо лавшруулах гэсэн оролдлого юм" хэмээн уг нийтлэлд бичжээ.
           Мөн түүнээс гадна "Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудаа улам их боолчилж, мөлжихийн тулд Барууны орнуудын жишгийг дагаж улс дамнасан эдийн засгийн байгууллага байгуулан, түүний гишүүн орнуудыг Зөвлөлтийн нутаг дэвсгэрт асар их хөрөнгө оруулахыг шаардан, цаашлаад зарим орныг Зөвлөлтийн эдийн засгийн бүтцээс бүрэн хараат болгож байна. ", "Зөвлөлт өөрт нь ашиггүй салбарын хэрэггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн шалтгаанаар "Зохицуулах төлөвлөгөө", "Хамтын ажиллагаа" нэрийн дор зарим улс орны үндэсний томоохон корпорациудыг хаалгаа барихад хүргэж, харин заримыг нь Зөвлөлтийн компанитай хамтран ажиллахыг хүчээр тулгаж байна. " хэмээн нийтлэлд бичжээ.


           Нийтлэлийн төгөсгөлд :"Зөвлөлтийн коммунистууд  "Эдийн засгийн хамтын нийгэмлэг"-ийн гишүүн орнуудаа бүрэн хяналтандаа байлгахын тулд, тэдэнтэй олон улсын эдийн засгийн итгэлцэл гээчийг байгуулан, өөрсдийн эдийн засгийн хүндрэлүүдээ гишүүн орнуудад үүрүүлэн, дундаас нь асар их ашиг унагахыг далд санаархаж байна." хэмээн шүүмжилжээ.
 
Шинхуй агентлагийн 1975 оны 6 дугаар сарын 29-ий шуурхай мэдээ
          Монголын газрын баялаг, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дээрэмдэхийн тулд Зөвлөлт Холбоот улс "Эдийн засгийн хамтын нийгэмлэг"-ийн гишүүн орнуудын төлөөлөлөөс бүрдсэн Олон улсын геологийн хайгуулын багийг Монголд илгээхээр төлөвлөж байна. Энэ бол ЗХУ-ын Монголын баялагийг булаах гэсэн явуулгынх нь бас нэг алхам юм.
          Итар- тасс агентлагийн 5 дугаар сарын 27-нд мэдээлснээр, Олон улсын геологийн хайгуулын баг илгээх уг төлөвлөгөө 1976 онд хэрэгжиж эхлэх ба Монголын "Хойд Хэрлэнгийн уул уурхай, эрдэс баялагийн түүхий эдийн бүс нутагт" явагдах гэнэ. "Эдийн засгийн хамтын нийгэмлэг"-ээс монголын кокосжсон нүүрс, зэс, төмөр болон бусад ашигт малтмалын ордуудыг тандан судлах гэсэн тэргүүлэх үүргийг Монголд хүлээлгэж, хайгуулын багийн үйл ажиллагааны зардлыг гишүүн орнууд буцалтгүйгээр хуваан гаргуулах тухай шийдвэр гаргажээ.
          Зөвлөлт "Хамтран ашиглах" нэртэй пайз зүүчихээд, хайгуулын багийн бүх гишүүн орнуудаар хөрөнгө мөнгө, техник хүн хүчийг нь гаргуулчихаад хийж сурсан башир залиараа өөрсдөө дундаас нь их хонжоо олох гэж байна. 1962 онд Монгол улс "Эдийн засгийн хамтын нийгэмлэг" -т элсэн орсон цагаас эхлэн Зөвлөлт "Хамтран ашиглах" нэрээр, тус нийгэмлэгийн гишүүн орнуудыг монголд хайгуулын тандалт судалгаа хийхийг уриалж, нийгэмлэгийн суурин төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулсан.
          Хэрэв асар их нөөцтэй томоохон орд олдвол, Зөвлөлт ховдог шунахай үнэн төрхөө илчилж, бусдыгаа тийрч хаяад ганцаараа эзэмших болно. Яг л Монголын Булган аймгийн Эрдэнэтийн овооны зэсийн орд, Сэлэнгэ аймгийн Толгойтын алтны ордуудыг ганцаар залгисан шигээ. Уг нь энэ ордуудыг 60-аад оны үед Чехсловак, Зүүн Германы хайгуулын баг тус тус нээж илрүүлсэн юм. Бас болоогүй, Эрдэнэтийн овооны зэс молебдений уурхай ашиглалтад ороход "Зөвлөлт Монголын хамтарсан корпораци" гэгчийг байгуулснаа аман дээрээ соёлтой зарлаад, ар далдуур нь хэрэг эрхлэх газрын удирдлагыг нь Москвагаас томилдог байх жишээтэй.
          Онцгойлон анхаарууштай нэг зүйл бол, Зөвлөлт сүүлийн жилүүдэд Монголын уур уурхайн салбар, ашигт малтмалын олборлолтод мэдэгдэхүйц их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл өгөх болсон явдал юм. Мэдээж энэ нь бас л Монголын баялагыг илүү их сорох гэсэндээ. Зөвлөлтийн шийдвэр ёсоор бол, Монголын геологийн хайгуулын ажил энэ 5 жилийн төлөвлөгөөнд өмнөх 5 жилийнхээс 70-80хувь өсөх ёстой юм. Монголын 1974 оны эдийн засгийн төлөвлөгөөнд бүх гол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тоон үзүүлэлт урд жилийнхээс харьцангуй бага гарсан. Гэвч зөвхөн ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүний тоо, геологийн хайгуулын ажлын үзүүлэлт өмнөх жилээс тус тус 30 хувь өссөн.
          Зөвлөлт нүүрэн дээрээ "Ах дүү" -ийн ёс ярьж, "Хамтран ашиглана" гэчихээд, нэдэр дээрээ өнөө "Ах дүү" -ийнхээ хормой дээрээс байгаа баялагийг нь булаан авч байна. Энэ бол Зөвлөлтийн "Эдийн засгийн хамтын нийгэмлэг"-ийн гишүүн орнуудтайгаа "Тэгш, харилцан туслалцах тод үлгэр жишээ" -ээр харилцдаг гэдэг нь том хошигнол болохыг харуулж байна.
--------------------------------------------------------------

       Саяхан сургуулийнхаа номын сангаас судалгааны материал шүүж байгаад Хятадын Ардын өдрийн сонингийн 1946-2003 оны хоорондох бүх мэдээллийн санг оллоо. Монгол, Гадаад монгол, Монгол улс, БНМАУ, Улаанбаатар гэх түлхүүр үгсээр монголын тухай мэдээ нийтлэлүүдийг нь олж уншсан. Ардын өдрийн сонин (Жинмин Жи бао гэдэг нэрээр монголчууд мэддэг) бол Хятадын коммунист намын гол хэвлэл, ерөнхийдөө бол Хятадын улс төр, нам засгийн бодлого чиглэлийн шууд тусгал болж байдаг хэвлэл гэж хэлж болно. Миний хувьд миний мэдэхгүй үе буюу 1946 оноос 1990 он хүртэлх мэдээллүүд их сонирхол татаж байлаа. 1946-1960 он хүртэл монголын тухай мэдээлэл сэдвийн хувьд өргөн, бичлэгийн өнгө аяс эерэг, тооны хувьд ч өндөр байсан байна. Дунджаар жилдээ 80-100 мэдээ, зарим жилд 150 гаруй мэдээ бичиж нийтэлж байжээ. Үүний дараа 1960-1980 оны хооронд мэдээний тоо эрс цөөрсөн бөгөөд, сэдвийн хувьд улс төрийн айлчлал, бодлого чиглэл, нам засаг гэх мэтээр хязгаарлагдах болсон.  Учир нь энэ үед Зөвлөлт, Хятадын харилцаа муудаж, үүнийг дагаад Монгол Хятадын харилцаа ч зогсонги байдалд орсон. Яг энэ үед хоёр орон харилцан бие биерүүгээ радиогоор сөрөг нэвтрүүлэг цацаж, нэг нэгнийхээ бодлого чиглэлийг шүүмжилдэг байсан. (1964 онд Улаанбаатарын дуу хоолой радио Хятадад руу хятад хэл дээр сөрөг нэвтрүүлэг явуулж эхэлсэн бөгөөд энэ нь  одоогийн Монголын дуу хоолой радиогийн эхлэл болсон юм.) Гэвч бас нэгэн анхаарал татах зүйл бол хоёр орны харилцаа муудсан энэ хугацаанд сөрөг өнгө аястай бичлэг маш бага байсан бөгөөд Монгол ардын хувьсгал ялсны баяраар буюу 7 сарын 11 болгонд Хятадаас Монголд баярын цахилгаан илгээж байсныг, мөн Монголоос Хятадын улс тунхагласны баяраар баяр хүргэдэг байсныг, мөн монголын урлагийн тоглолт, зураг баримлын үзэсгэлэн зэргээр дамжуулан урлаг соёлын харилцаагаа бага ч болов явуулж байсныг гэрчлэх мэдээ байсан. Үүнээс үзэхэд Монгол, Хятад хоёр орон харилцаа муу байсан цаг хугацаанд ч   гадаад харилцааны ёс уламжлалаа гээлгүй,  гол хэвлэлүүдээрээ дамжуулан нэг нэгдээ энхийн байр сууринаас ханддаг байсан байна. 1990-2003 он хүртэл монголын тухай мэдээлэл харьцангуй ихэссэн ч тооны хувьд 1946-1960 оны үеийнхийг гүйцэхгүй бөгөөд жилдээ дунджаар 40-50 мэдээ мэдээлэл гарч байна. Сүүлийн 6 жилийн үзүүлэлтийг одоо яг судалж байгаа тул нарийн дүн хэлж мэдэхгүй л байна.

            Их олон сонин баримт олсоон уг нь.  Ашигт малтмалын тухай мэдээ одоо л давалгаа болчихоод байгаа юм биш, аль дээр үеэс л олон улсын анхаарлыг татдаг байжээ гэдгийг батлах нэг мэдээ сая олж уншаад орчуулсан юм. Чухам тухайн үед зарим үг хэллэгийг юу гэж хэлж заншсан байсныг мэдэхгүй тул байгаа үгээр нь л орчууллаа. Хэллэг таарахгүй, буруу оноосон зүйл гарвал уучилж өршөөнө биз ээ.

没有评论:

发表评论