2012年12月8日星期六

“Хятад дэлхийг өөрчлөх үед…” “Quand la Chine Change le monde” by Erik Izraelewicz

Номын зохиогч: Erik Izraelewicz
Эдийн засгийн ухааны доктор
2005 оны 2 дугаар сарын 2 нд Франц улсад хэвлэгдэв.

                      Өмнөх үг

“Хятад алив бүхнийг бүдэгрүүлж сааралтуулдаг ч зурвасхан гэрэл байсаар байна. Түүнийг эрж ол.” Паскаль “Idea”

Урьдын л нэгэн адил зул сарын модны доор бэлэг овоорч, халуун ам бүлээрээ цугларч бас нэгэн оныг хамтдаа үдэх боллоо. Хүн бүр тэсэлгүй өөр өөрийн бэлгийг задлахаар яарцгаав. Бяцхан Лафейрт оногдсон бэлгийн хайрцагнаас өнгө алаглан гялалзах модон галт тэрэг гарч ирлээ. Түүний үел ах Грегой хайрцагнаас газрын теннисийн хамгийн хөнгөн цохиурын тухай нийтэлсэн залуусын сэтгүүл гаргалаа. Агнес эгч тэнд зөөврийн компьютер хэрэглэх заавар нухацтай уншин сууна. Аав харин шинэ DVD тоглуулагчаа ажиллуулахаар оролдоно. Ээж болохоор баяртай нь аргагүй кашмер нөмрөгөөр биеэ ороож нэг үзнэ…… Урьд жилүүдийн зул сарын баяртай адилхан биш байна гэж үү? Огтхон ч адил биш. Энэ зул сарын баяр манай гэр бүлийн хувьд бас бусад франц айлуудын хувьд онцгой их “Хятаджсан” баяр боллоо. Тоглоом, теннисийн цохиурнаас өгсүүлээд зөөврийн компьютер, нөмрөг гээд бүх л бэлгэн дээр “Хятадад үйлдвэрлэв” гэж бичээстэй байх юм. Зул сарын модон доор өрөөстэй бүх бэлэг сэлтүүд, модон дээр өлгөөстэй тоглоом чимэглэлүүд,  жижигхэн санта өвөө гээд л бүгд Хятадынх, тэр ч бүү хэл энэ мод ч хүртэл Хятадынх.

Энэ зул сарын баярын өмнөх 2004 он бол Францын засгийн газар “Хятадын соёлын жил” зарласан жил юм. Гэсэн хэдий ч Францад “Дундад улс” гэсэн дардасын мөр аль эрт тод үлдсэн. Манай засгийн газар соёлын жилийн хүрээнд маш олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал: Эффелийн цамхагийг улаан өмсгөлөөр чимэх, Жан-Мишель Жарр (Jean-Michel André Jarre) Бээжингийн Хориотой хотод тоглолт явуулсан гэх мэт. Үүнтэй зэрэгцээд Хятад хэмээх нэгэн шинэ улс хүчирхэгжин, аж үйлдвэржсэн том гүрэн болж байгааг олон үйл явдал Франц хүмүүст ойлгуулсан юм. Хятадын сансрын хөлөг дэлхийн тойрогт замд орж, Хятад улс сансрын уудмын шинэ гишүүн боллоо. Афины олимпид алтан медалийн тоогоор тэргүүлж, дэлхий дахинд биеийн тамир спортын том улс гэдгээ харуулсан. Францын Матигнон их гудамжинд Хятад зураачдын үзэсгэлэн гарч, Хятад дэлхийн урлагийн бүтээлийн зах зээлд өөрийн нөлөөгөө улам бүр дээшлүүлж байгаагаа баталлаа. Хамгийн сүүлд, Францын THOMSON компаний өнгөт телевизийн салбарыг Хятадын Гуандун TCL компани худалдан авлаа. Эдгээр нь Хятадын эдийн засгийн өсөлт хөгжлийг хүмүүст үнэхээр мэдрүүлсэн юм.
Энэ 2004 онд хэд хэдэн чухал үйл явдал болсон нь :
Хятад гэсэн гарчиг Францын сонингуудын эхний нүүрэнд тавигдах нь нэгэнтээ тохиолдлын хэрэг биш болж,  хүмүүсийн өдөр тутмын амьдралд хятадын нөлөө үлэмж ихссэн гэж хэлж болно. Францын худалдааны дээд сургууль (HEC)-ийн хашаанд, Бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн хэдэн арван залуу боловсон хүчин капитализмын удирдлагын дэвшилтэт технологи сурч, Марсельд хүрээгээ тэлж байгаа “Хятад хотхон” (China town) зарим жижиг худалдачдыг түгшээж эхэллээ. Парисын Осман гудамжины том дэлгүүрүүдэд хятадын сэргэлэн залуус Азийн өөр нэгэн хүчирхэг улс Японы худалдаачидтай эн зэрэгцэн худалдан авагчдыг хуйлруулж, Lafayette дэлгүүрт бүр хятад хэлтэй худалдагч нар үйлчлэх болжээ. Францын бүх л эцэг эхчүүд үр хүүхдээ Кунзын бас Мао Зэдуны ярьдаг байсан тэр л хэл сургахыг хүсэх болж, мөн Бээжин, Шанхай, Гуандун хэдийнээ Францчуудын гол маршрут, аялалын халуун цэг болоод байна гэж аялал жуулчлалын агентлагууд шуугих боллоо.
Хятад үнэхээр мода болчихож. Гэхдээ зүгээр нэг мода биш шүү. Үнэндээ дээрх үзэгдлүүд   21 дүгээр зууны зөгнөл болж байна. Магадгүй 21 дүгээр зууныг бүхэлд нь хамрах эдийн засгийн чухал үйл явдлыг ч зөгнөн байж болох : Хятадын эдийн засгийн чадвар өдрөөс өдөрт наран мэт мандан дэвжиж, дэлхийн эдийн засгийн тавцан дээр гол нөлөө үзүүлэх болно.
1973 онд Голлист засгийн газрын сайд агсан Alain Peyrefitte “Хятад нойрноос сэрэх үед” (Quand la Chine s’éveillera…) номоо хэвлүүлж байсан. Өнөөдөр эгээ л нэг аварга луу нойроосоо хэдийнэ сэрээд тэндэх тэнгэрийг ороон үзэгдэх мэт. Mitterrand ерөнхий сайдын зөвлөх асан Alain Boublil 1997 онд “Хятадын зуун” (Le siècle des Chinois) нэртэй номоо хэвлүүлсэн. Одоо эдгээр зөгнөлүүд биелээд бүр нүдэнд илэрхий харагдах боллоо. Бодот амьдрал дээр, эдийн засгийн асар том үйл явдал хийгээд агуу түүхэн том цаг үеийн хувьд “Шинэ зуун” гэдэг цаг тооны бичиг дээр бичигдсэнээр тооцогддоггүй юм. Энэ үүднээс авч үзвэл 1979 он бол эргэлзээгүй 21 дүгээр зууны эхлэл байсан юм.
Яг тэр жил, хоорондоо огт төсгүй хоёр их хүн дэлхийг зэрэг донслогосон. Тэд бол Маргарет Тэтчер болон Дэн Сиаопин нар юм. 20 дугаар зууны сүүлчээр гарч ирсэн энэ хоёр их удирдагчдад ижил төстэй зүйл үнэногт байхгүй. Нэг нь дэлхийн хамгийн анхны ардчилсан улс – Нэгдсэн вант улсад төрсөн. Нөгөө нь дэлхийн хамгийн эртний төрт улс – Хятадад төрсөн. Тэтчерийн улсад 18 дугаар зууны эцэст аж үйлдвэрийн хувьсгал гарч, түүнээс хойш урд удаан хугацааны турш дэлхийн хамгийн баян улсад тооцогдож байсан. Харин Дэн Сиаопины улсад байдал огтхон ч тийм биш. Тэнд аж үйлдвэрийн жинхэнэ хувьсгал өрнөөгүй. Тэд бол эмгэнэлт “Соёлын хувьсгал”-аа дөнгөж туулан гарч ирсэн дэлхийн хамгийн ядуу улс орны нэг. Тэтчер бол төмөр хатагтай. Уламжлалт хуучны үзэл баримтлал бүхий ясны хатуу Англи эмэгтэй. Жижиг биетэй, намхан нуруутай Дэн Сиаопин бол Хятадын Коммунист намын дээд удирдагч. 1978-1979 оны хооронд тэд өөр өөрийн улсынхаа удирдах эрх мэдлийг гартаа авч, дэлхийн эдийн засгийг “Шинэ үе”-рүү оруулах их ажлаа эхэлцгээсэн юм.
Тэтчер, Дэн Сиаопин нар яг нэг уриа дэвшүүлсэн юм. Энэ бол Франсуа Гизогийн “Баялагийг бүтээцгээе” гэсэн уриа байсан. 1979 онд тэд өөр өөрийн ард түмэндээ энэ талаар маш тодорхой чиглэл өгч, баялагийн төлөө бүгд нэгдэх ёстой гэсэн мессэжийг тарааж эхэлсэн. Тэтчер засгийн газрын ерөнхий сайд болсныхоо дараа өөрийн улсын эдийн засагт томоохон өөрчлөлт хийхээр тууштай зорьсон. Тэрээр удирдлага хяналтыг султгаж, хувьчлалыг дэмжих бодолго явуулан, Барууны капитализмын ажиллагаа, загварыг үндсээр нь өөрчилсөн. Англиас эхэлсэн энэ урсгал маш богино хугацаанд түүний найз болох Рональд Рейганы төрсөн нутаг Америкт хүрч, дараа нь тун удалгүй “Хөгшин Европ”-ын улс орнуудад хүчтэй нөлөөлж эхэлсэн юм.
Энэ үед дэлхийн нөгөө өнцөгт, Мао Зэдунь нас барсны хоёр дах жилийн бөгсөн дээр,  Дэн Сиаопин намынхаа болон улсынхаа хамгийн дээд удирдагч болсон байлаа. Жижиг биетэй энэ эрийн царайнаас туйлын эрх чөлөөт үзэлгүй  өнгө төрх харагдана. Хэрэв Тэтчер, Рейганы шинэчлэлийг Идеологи дээр суурилсан гэж үзэх юм бол,  Дэн Сиаопиныг илүү Прагматик дээр суурилсан хөгжлийн үзэл баримтлалтай байсан гэж болох юм.
Хятад хүмүүс аливаа зүйлийг амьтнаар зүйрлүүлэн цэцлэх дуртай. “Муур хар цагаан нь хамаагүй, гагцхүү хулгана л барьдаг байх ёстой” гэсэн Дэн Сиаопины хэлсэн нэгэн алдартай цэцлэл байдаг. Чухамдаа тэр энэ үгээрээ л том зориг гарган, шинээр бүтээн байгуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогоо өмөөрч байсан. Эдийн засгийн хөгжил гэдэг бол түүний хувьд “Чанд хатуу дэг ёс”. Тэрээр ард түмнээ хэрхэн ядуурал гуйланчлалаас гаргаж, хэдэн арван жилийн төлөвлөгөөт эдийн засгийн хор уршгаар бий болсон аймшигт үгээгүй ядуу байдлыг хэрхэн арилгах тухай л толгойгоо гашилгаж байсан. Маш олон асуудлыг тэр өөрийн угийн үзэл санаанаас татгалзаж шийдвэрлэсэн. Эхлээд тэр тариачдыг чөлөөлж, дараа нь аж үйлдвэрийг хувьчилсан. Ингээд газар сайгүй хувийн хэвшил, аж ахуйтныг дэмжих болсон. Гадаадын хөрөнгөтнүүдэд хаалгаа нээж, даяарчлалын өргөн боломжийг идэвхитэй ашиглах гэсэн нь Дэн Сиаопины хийж гүйцэтгэсэн хамгийн чухал түүхэн үүрэг байсан.
Тэтчерийн үзэл санаа Баруунд шинэ цус сэлбэж, өнгөрсөн зууны сүүлийн 20 жилд тэднийг эрч хүчээ эргүүлэн олоход түлхэц болсон бол тэнгэрийн нөгөө хязгаарт “Дэн Сиаопины онол” Дорны хүчит лууг сэрээсэн юм. Орчин үеийн түүх бичигдэхээс өмнөх 18 зууны турш Хятад хүчирхэг эдийн засагтай бөгөөд хамгийн өндөр техник технологитой дэлхийн улс гүрнүүдийн нэг байсан. Гэвч 19 дүгээр дууны эхээс хүйтэн дайн, эзлэн түрэмгийлэл, гадаадын нөлөө, дотоодын хямрал зэргээс үүдээд аварга луу ичээндээ орсон юм гэж Бээжин хүмүүс дурсах нь бий. 1978 онд Дэн Сиаопин Хятадын төрийн эрхэнд гарч тэдний эдийн засгийн унтаа байдал замхарч эхэлсэн. Түүнээс өмнө Хятад удаан хугацааны турш дэлхийн хамгийн ядуу улс гэгдэж байсан бөгөөд 20 дугаар зууны сүүлчээс энэ яриа аажмаар намжсан юм. Ингээд 21 дүгээр зууны эхэн болоход бусад улс орны хүмүүс Хятадыг сонирхож, түүний тухай халуухан хэлэлцэх болсон доо. Үнэндээ 1978 оноос хойших Хятад итгэж төсөөлөхийн аргагүй их амжилтыг олсон. Түүний одоогийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн тухайн үеийнхээс 10 дахин их болж, дэлхийд 6-д бичигдэх болсон. Иргэдийн дундаж орлого тухайн үеийнхээс 7 дахин, экспорт 45 дахин өссөн. Өнгөрсөн 25 жилийн дотор 400 сая Хятад иргэн үнэмлэхүй ядуурал гуйланчлалаас ангижирсан. Хүн төрөлхтний түүхэнд ийм олон хүн амтай (1 миллиард 300 сая хүн амтай) улс орон ийм богино хугацаанд (25 жилийн дотор) ийм хурдацтай хөгжлийг (эдийн засгийн жилийн дундаж өсөлт 8%-9%) олж чадсан тохиолдол гэж нэгээхэн ч үгүй. Үүнээс гадна гадаад улс орон, гадаад зах зээл, техник технологи болон хөрөнгө дээр тулгуурлан өөрийгөө ийм хэмжээнд хөгжүүлсэн улс орон гэж Хятадаад өөр хаана ч байхгүй.  Хятадын энэ байдал Америкийн хамгийн алдарт эдийн засагч, Колунбын Их сургуулийн профессор Jeffrey Sachs –ийг ч алмайруулсан. Тэрээр “Хятад бол дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй хөгжлийн хамгийн амжилттай хамгийн том жишээ” гэж хэлж байсан.
Ийм нэгэн шинэ хүчирхэг амьтаны сэрэлт, дэлхийн 1/5 хүн амыг багтаасан том улсын сэргэлт олон олон зовнил, тэр ч бүү хэл айдсыг ч өөрийн эрхгүй төрүүлэх нь тодорхой. Хэрэв хятад заншлаар үүнийг амьтнаар зүйрлүүлэх юм бол шаазан эдлэлийн дэлгүүрт нэг заан ороод ирсэнтэй адил юм. Marcel Proust “Өнгөрсөн он жилүүдийг нэхэн санахад” (La Recherche du temps perdu) нэртэй номондоо Де Германт гүнгийн авхай “Хятад намайг тавгүйтүүлж байна……”гэж уулга алдан хэлсэн тухай бичсэн байдаг. Өнөөдөр түүний номын энэ хэсгээс олон хүн янз бүрийн зорилгоор иш татан хөгжилдөх нь бий. Хэрэвзээ үүгээр нэг кино хийх хэрэг гарвал тэд магадгүй кинондоо “Аймшигт өрсөлдөгч” гэж нэр өгөх байх. Тэгээд тэд “Чи арай хараагүй байж мэдчихсэн юм биш биз???” Тэр чинь том гүрэн. Тэр одоо бүх дэлхийн баялагийг ховх сорж, бусдын эрх ашигт нөлөөлж байна. Олимпийн алтан медалиудаар зогсохгүй тэр бас улам их эрчим хүч, нөөц баялаг, түүхий эдийг залгих болно. Тэр бүх дэлхийн хөрөнгийг ууж байна (Хэдэн жилийн өмнөөс л Хятад хэдийнэ олон улсын хөрөнгө оруулалтын хамгийн том зорилтот объект болсон.) Тэр бас бусдын оюуны өмчийн патент, ажил эрхлэлийн боломжийг эдэлж сууна. Огтхон ч эргэлзээгүйгээр Киноны төгөсгөлийн үзэгдэлд Францын хэт зүүний чиг баримжаатай “Үндэсний фронт” намын 2004 оны сонгуулийн үеэрх нэгэн сурталчилгааны зургийг ашиглах нь лавтайяа. Энэ зурган дээр нэг Франц хүн хамаг хувцасаа тайлаад цаасан хайрцганд хийх ажээ. Цаасан хайрцагны гадна талд “Хятадад үйлдвэрлэв” гэж том үсгээр бичсэн байх юм.
Дээрх үзлийн яг эсрэг “Жаргалтай глобалчлал”-ыг дэмждэг хэсэг хүн Хятад хөгжингүй орнуудын эгнээнд орох нь сайн зүйл бөгөөд бусад улс оронд хохирол учруулахгүй гэж үзэх аж. Тэд бас “Ирээдүйд манай дэлхий Дундад улс төвтэй нэг л их гүрэн болно” гэж бусдын санаа сэтгэлийг тайтгаруулсан маягтай таамаглал дэвшүүлцгээнэ. Де Германт гүнгийн авхай минь. Та санаа зоволтгүй ! Энэ өөдрөг үзэлтнүүдийн кино Германт авхайг тайвшруулж чадах байх аа. Тэд түүнд хандан “Дундад улс хуучины аж үйлдвэржсэн баян улс орнуудыг зовлон хүчиртэй ажлаас нь бохир заваан хогноос нь салгаж, тэдний үйлдвэрлэл аж ахуйд асар том шинэ зах зээлийг бий болгож өгнө. Мөн тэр хөгжингүй улс орнуудын шинээр зохион бүтээх сэдлийг төрүүлж, улам эрүүл чийрэг, улам энх тайванлаг, улам аз жаргалтай амьдралыг цогцлоон бүтээнэ.” гэж хэлэх юм.
Ингээд эцсийн эцэст тэд “Аймшигт өрсөгдөгч” үү? Аль эсвэл “Ирээдүйн аврагч их гүрэн” үү?
Энэ асуулт, энэ сонголт үнэндээ цоо шинэ зүйл биш л дээ. 18 дугаар зууны төгөсгөлд Англид аж үйлдвэрийн хувьсгал гарснаас хойш эдийн засаг нь сэргэж хөгжиж буй шинэ улс орон аж үйлдвэржсэн баян чинээлэг улс орны эгнээнд орж ирэх үест үргэлж л ийм түгшээлт, ийм эмээлт үүсдэг байсан. Хөгжингүй улс орон эхлээд шинэ улс орнууд өөрийнх нь байр суурь, эрх мэдэлд заналхийлж байна гэж олж хардаг. Заримдаа тэд элдэв арга саам сэдэж, хил дээрээ хориг саад тавьж, тэдний бүтээгдэхүүнийг оруулахгүй байх зэргээр өөрсдийн зах зээлээ хамгаалж, шинээр ирэгсдийн гал шиг сэтгэл рүү хүйтэн ус цацаж унтраах нь бий. Гэвч цагийн уртад тэдний эгнээ шинэ гишүүдээр бүл нэмж, хүрээгээ тэлж өргөжих тусам өөрт нь ч ашигтай байгааг мэдэрч эхэлдэг.
Өнөөдөр “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошго баян улс орнуудад айдас төрүүлж байна. Энэ нь өнгөрсөн зууны эхэн үеийн “Германд үйлдвэрлэв”, 50, 60-аад оны “Японд үйлдвэрлэв”, 70,80-аад оны “Тайванд үйлдвэрлэв” гэсэн шошгууд тухайн цаг үеүүддээ айдас, эмээлт авчирч байсныг эрхгүй сануулдаг юм. Дээрх эдийн засгийн хэлбэрүүд 20 дугаар зуунд нэгнийгээ залгамжлан шил шилээ даран гарч ирсэн бөгөөд тэр болгонд дэлхийн эдийн засаг хүчтэй, хурдтай эргэлтэнд орж, тэр хирээр баян хүчтэй улс орнуудад өөрсдийгөө хамгаалах эрмэлзэл ихтэй болдог байсан. Эдгээр шинэ нөхцөл байдал клубын шинэ хуучин бүх гишүүдийг томоохон зохицуулалт хийхийг шаарддаг. Тухайлбал, аж үйлдвэржсэн хүчтэй баян улс нь бодот байдлыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн ажлаасаа хэсэгхнийг тастаж шинэ улс оронд даалган өгөх, оронд нь өөрсдөө шинэ үйлвэрлэл шинэ технологи бий болгох. Яг л “Хүчтэй баян улс орон дууны өнгө буюу актаваа дээшлүүлэх хэрэгтэй” гэж хөгжмийн хоббитой зарим эдийн засагчдын хэлдэгтэй адил. Нэг л өдөр эдийн засгийн хүндрэл бэрхшээл хийгээд хямралыг даван туулсны дараа эцсийн үр дүн муугүй байсан гэдгийг шинэ хуучин гишүүд цөм л мэдэх болно. Тиймээс аль аль нь баян хүчирхэг улс орнуудын тоо олон болох тоолонд дундаас нь ашиг хувь хүртэх боломжтой. Үнэндээ дэлхийн эдийн засаг бол бүх оролцогчид мөнгө олж болох эсвэл бүгд хамтдаа зэрэг ашиг хүртэж болох тоглоом юм.
Ядуу буурай улс орон баячуудын клубт элсэж, баячуудыг хохироохгүйгээр ашиг олж болно. Үүнийг 20 дугаар зууны түүхэнд болсон олон үйл явдал хэдэнтээ батлан харуулсан. Мөн Английн эдийн засагч David Richardo болон Австрийн эдийн засагч Joseph Schumpeter нарын ач буянаар дэлхийн эдийн засгийн онолчид дээрх үзэл баримтлалд тодорхой тайлбар авч чадсан юм. David Richardo “Харьцангуй давуу талын онол”-ыг үндэслэгч бөгөөд тэрээр : “Аливаа хоёр улс орон хоорондын худалдаанаас ашиг олохын тулд өөр өөрийн давуу тал бүхий үйлдвэрлэлийг эрхлэх ёстой. Хэрэв бүх улс орон өөрсдийн харьцангуй давуу тал дээр суурилсан, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй үйлдвэрлэлээ мэргэжлийн түвшинд эрхэлж, сул тал бүхий үйлдвэрлэлээ бусад улс оронд шилжүүлж чадах юм бол эцэст нь бүгд ашиг хүртэж, дэлхий ертөнц улам сайхан байх болно. “ гэж үзсэн. Joseph Schumpeter бол “Бүтээлчээр сөнөөх онол”-ын үндэслэгч юм. Капитализм бол тасралтгүй өөрчлөлт шинэчлэлийн үйл явц бөгөөд энэ үйл явц хуучин зүйлийг ямагт аажмаар устгаж (сөнөөх), шинэ зүйлээр орлуулдаг(бүтээх). Түүний энэ онолд бүтээлч үйл ажиллагаа хийгээд түүнийг төлөөлөх хүн буюу бизнес эрхлэгчид дээрх үйл явцыг хөдөлгөх гол түлхэх хүч гэнэ.
Энэ хоёр эдийн засагчийн онолууд бидэнд 20 дугаар зуунд болсон үйл явдлуудыг ойлгуулах юм. Шинэ буурай улс орон хуучин баян улс орнуудтай ямагт өрсөлдөн байж, баян улс орнуудын пракц улам өргөжих боломжтой. Гэхдээ энэ нь олон эмгэнэлт драм үүсгэхгүй л дээ. Эхлээд шинэ улс орнуудын ард иргэд маш хүнд хүчир ажлын нөхцөлд асар бага цалин авч, хэт уртасгасан цагаар ажиллана. Тэдний хөдөлмөрийн орчин нөхцөл муу, хөдөлмөрийн хамгаалал сул байна. Маргаангүй энэ үед тэдний баян улс орноос илүү гарах давуу тал нь энэ. Учир нь баян орны ард иргэд цалин хөлс илүү өндөр, ажлын цаг илүү богино байх юм. Баян улс ядуу улсаас өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг маш хямд үнээр авч, бага багаар татагалзах хуучин үйлдвэрлэлийнхээ оронд шинэ үйлдвэрлэл зохион бүтээж, экспортын бараа бүтээгдэхүүнээ улам шинэчлэх хэрэгтэй болно. Баян орнууд нэхмэл бүтээгдэхүүн, бэлэн хувцас зэрэг үйлдвэрлэлээ шинэ буурай улс оронд шилжүүлж, өөрсдөө гэрийн цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологи үйлдвэрлэл эрхэлж, магадгүй энэ үйлдвэрлэл улам сайн орчинтой болсны дараа тэд мэдээлэл харилцаа холбоо хийгээд интернэтийг зохион бүтээсэн.
Чөлөөт худалдаа гэдэг бол талуудад аль алинд ашигтай байхыг хэлнэ. Ядуу улсын эдийн засаг сэргэж хөгжөөд, аажмаар баян улсад ойртож эхэлдэг. Тэдний цалингийн бодот түвшин нэмэгдэж, мөнгөний хөрвөх чадвар өндөр болохын хирээр худалдааны нөхцөл тэнцвэртэй байдалд ордог. Шинэ улс орны бүтээгдэхүүний өртгийн давуу тал аажмаар буурч, эцэстээ алга болдог. Түүнчлэн шинээр хөгжиж буй ядуу улс орнууд алхам алхмаар хөгжингүй улс оронд дөхөж эхэлнэ. 1960 онд, Японы цалингийн сан Францын талд хүрдэггүй байсан бол 1980 онд болоход Францтай зэрэгцэж, харин одоо Францыг хэдийнээ хол хаяад байна. Шинэ өрсөлдөөн, шинэ зах зээлийн түрэлтэнд аж үйлдвэржсэн баян улс орнууд өөрсдийн технологийн давуу талаа хадгалахын тулд олон ургальч бодлого барьж, өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Харин шинэ буурай улс орнууд алдарт “Бүтээлчээр сөнөөх онол”-ын үйл явцыг түргэтгэдэг.
Marcel Proust –ийн номонд амилсан Германт гүнгийн авхай “Хятад намайг тавгүйтүүлж байна…” гэж уулга алдан хэлсэн. 20 дугаар зууны бүхэл бүтэн түүх, бас эдийн засгийн ном зохиолууд гүнгийн авхайг тайвшруулж, хятад улам бүр хүчирхэгжин байгаагаас үүдсэн зовнил, дарамтаас нь салгах хэрэгтэй. Түүх болон онол бидэнд өгүүлж байна: Энэ улсын эдийн засгийн хөгжил эргүүлэг, хямрал авчирна. Гэвч түүнийг гэтэлсний дараа бүгд л ашиг хүртэх болно. Хараад байхад ер нь үүнээс илүү сайн зүйл гэж хаа байхав ээ? Үгүй гэж үү? Гэвч Нобелийн шагналт эдийн засагч Paul Samuelson үүнд эргэлзсэн. Хэдэн арван жилийн турш энэ Америк эдийн засагч “Харьцангуй давуу талын онол”-ыг зааж, хамгаалж ирсэн хэдий ч тэр өөрийн “Эдийн засгийн үзэл бодлын шүүмж ” (Review of Economic Perspective ) нэртэй өгүүлэлдээ, “Хятадын байдал энэ онолыг ганхуулах юм биш биз? Хүмүүс Германт гүнгийн авхайн хэлснээр түүнийг өмгөөлж байна. Том том эдийн засагчдын дүгнэлт тайлбарт сохроор итгэх хүн гэж одоо байхгүй. Доорх гурван хүчин зүйл хүмүүсийг одоогийн нөхцөл байдал хийгээд түүнээс гарах үр уршигт дахин шинжилгээ хийж үзэхийг сануулах юм. 21 дүгээр зуунд дэлхийн эдийн засагт Хятад гэсэн нэр гэнэтхэн хүчээ аван гарч ирсэн. Ийм үед өнгөрсөн түүх хийгээд хоосон онолоор бүрэн гүйцэд тайлбар хийх боломжтой гэж үү?” гэж эргэлзэнгүй бичсэн. Түүний дэвшүүлсэн 3 хүчин зүйл нь:
Нэгдүгээр хүчин зүйл. Хятад бол дэлхийн дээрх хамгийн олон хүн амтай том улс. 1 миллиард 300 сая хүн ам, дэлхийн нийт хүн амын1/5 –ийг эзэлдэг. Энэ бол гайхмаар их тоо. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш, 19 дүгээр зууны Америк хэмээх том орныг багтаасан аж үйлдвэржсэн улс орнуудын клубт элсэх гэж ийм олон хүн амтай улс орон хүсэлт гаргаж байгаагүй ээ. Одоогийн байдлаар клубын гишүүд бүгд л намхан нуруутай жижиг биетэй. Харин Хятад бидэнд эгээ л нэг аварга хүн айсуй мэт сэтгэгдэж байна. Хүмүүс нэг л итгэж хүлээн авч чадахгүй байна. Хүн амын тоогоороо Японыг хэд дахин нугалахаар мөртлөө Японтой адил нөхцөлд энэ клубт элсэх гээд байдаг. Гэтэл Хятадын араас бас нэгэн шинэ сонсогдогч гарч ирэх боллоо. Энэ улсын хүн ам одоогоор Хятадаас бага, гэлээ ч холоос харах юм бол хүн ам нь магад Хятадаас ч их болох байх. Энэ бол Энэтхэг. Физикийн үүднээс авч үзэхэд л ийм байгаа юм чинь, эдийн засгийн үүднээс асуудлыг ярих юм бол тооны зөрүү чанарын үзүүлэлтийг хангалттай өөрчилж чадна.
Хоёрдахь хүчин зүйл бол Хятадын өвөрмөц түүх. Бид эртний ном зохиол уншиж судлах хэрэггүй, бас 4000 жилийн өмнөх иргэншлийг ч эргүүлэн санах гэж оролдох хэрэггүй. Хятадын сүүлийн үеийн түүхээс нэг харчихад л болно. 1978 оноос Хятадын нислэг өндөрөө авч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Хятад гурван чухал шилжилт туулсан юм. Энэ шилжилтүүд нь бусад улстай харьцуулашгүй өөр байсан. 20 дугаар зууны 70 оны сүүлчээр, Хятад төвийн төлөвлөгөөт эдийн засаг хэрэгжүүлж байсан бөгөөд маш хаалттай байсан. Энэ үед газар тариалан эдийн засгийнх нь тулгуур үйлдвэрлэл байсан юм. Дэн Сиаопин “Социолист зах зээлийн эдийн засаг” –ийг бүтээн байгуулъя хэмээн уриалж, аж үйлдвэрийн том улс орон болох эхлэл тавигдан, гадаадад нээлттэй шинэтгэлийн бодолго хэрэгжүүлж эхэлсэн. Улсын удирдлагаас зах зээлийн удирдлага руу, газар тариалангаас аж үйлдвэр лүү, дотоодын хэрэгцээг хангахаас давж дэлхийн зах зээл рүү нэвтрэх гэсэн гурван том хувьсгалыг хийсэн. Хятад өөрийн гэсэн онцлогтой бүхэл бүтэн механизм бий болгож чаджээ. Энэ механизм нь 50 –аад оны Японыхоос тэс ондоо, 70 –аад оны Солонгосоос ч эрс ялгаатай. Дэн Сиаопин болон түүний залгамжлагчдын удирдлага доор Хятад улс 19 дүгээр зууны Америкийн баруун бүстэй эгээ адилхан шиг: Хуулийн систем дөнгөж бүрэлдэж байсан тул хязгаарлан тогтоох хандлага гэж бараг байгаагүй юм. Гэхдээ бас тухайн үеийн Америкийн баруун бүстэй бүр ч адилхан биш ээ. Учир нь Хятадад асар том, асар хүчтэй засгийн газар байна. Энэ улс янз бүрийн арга зам, янз бүрийн сувгаар их бага хэмжээтэй гэж гололгүй, хувийн улсын гэж ялгалгүй, дотоодын гадаадын гэж салгалгүй хөрөнгө оруулалт л чадлын чинээгээрээ татаж байна. Дундад улс “Супер капитализм”-ын хязгаарлалттай тулгарч байна гэж зарим хүмүүс үзэх бөгөөд коммунизмын үзэл санааны эцэг Марксын үгээр бол түүхэнд ховор тохиолдох “илүүдэл өртөг”-ийг цөлмөн мөлжих сайхан орчин бий болж байна. Энэ нь тухайн үед мөн л социолист улс төрийн дэглэмтэй байсан Японы хөгжилт сэргэн мандалтаас огт өөр, тухайн үеийн Солонгостой бол бүр ч харьцуулахааргүй ялгаатай.
Гуравдугаар хүчин зүйл бол цаг хугацааны тохироо. Хятадын хөгжил сүлжээ болон Jet буюу дуунаас хурдан хөлөг онгоцны цаг үеийг хэдийнэ гүйцсэн. Хүмүүс дэлхийг тойрон аялах болсон бөгөөд үнэ өртөг нь ч хямд төсөр. Аж үйлдвэржилтийг эхлүүлсэн тэр л хүмүүс 19, 20 дугаар зуунаас эхлэн рисктэй аялал хийж эхэлжээ. Тэдний эргэн тойрон дох ертөнцүүд өөр хоорондоо тусгаарлагдсан байдаг байж. Хамгийн том тусгаарлал бол худалдааны саад байлаа. Түүгээр зогсохгүй дэлхийн худалдаа технологи, дүрэм журам хийгээд бодлогын чанартай олон хязгаарлалт хаалтад өртөж байсан. Энэ байдал одоо нэгэнтээ ор мөргүй халагдаж, өнгөрсөнд хамаарах түүх болон үлджээ. Хятад аж үйлдвэржсэн баян чинээлэг улс орнуудын клубын хаалгыг тогших үед бараа материал, хөрөнгө, хүний урсгал хэдийнээ төсөөлөшгүй их хэмжээгээр хурдассан байна. Ийм урсгал, шилжилт хөдөлгөөн голдуу шинэ үеийн авто тээврийн хэрэгсэл, олон улсын худалдааны чөлөөт байдал, Дэлхийн худалдааны байгууллага (WTO)-ын идэвхитэй үйл ажиллагаа зэргийн тэлэлттэй холбоотой юм. (Хятад 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гишүүнээр элсчээ. )
Агаарт өндрөө аван нисч яваа энэ хөлөг онгоц нүсэр том багтаамжтай (Дэлхийн хамгийн их хүн амтай улс) , бас онцгой өвөрмөц хөдөлгүүртэй (Супер капитализм). Энэ онгоц нислэгийн хамгийн таатай цаг (Оргил цаг) -т амжин нисч явна. Иймээс Хятад урьд хожид нисч байсан улс орнуудаас олон талаараа ялгаатай. Энэ байдал хүмүүсийг онолын бүрэн гүйцэд тайлбар өгч чадахгүй байгаа тэр хэсгийг дахин анхаарч судлахад хүргэж байна. Ялангуяа хөгжлийн цаг хугацааны асуудал дээр, Хятадын харьцангуй давуу тал хөгжингүй орнуудын хурдтай давхцаж байгаа асуудал дээр онцгой санаа тавих хэрэгтэй. “Ирээдүйн Дундад улсад төвлөрсөн нэгэн их гүрэн”-ий тухай жүжгийн зохиолын найруулагч тайлбар хийхдээ: “Хятад иргэдийн цалин дэлхийн бусад ороны хүмүүсийнхтэй аажмаар адилхан түвшинд хүрч, үүнийг дагаад Хятадын хөдөлмөрийн хүчин дээр төвлөрсөн үйлдвэрлэлийн давуу тал багасч эхэлнэ.” гэсэн юм. Одоогийн байдлаар нэг Франц хүний цалингаар 30-40 Хятад хүнийг хөлслөн ажиллуулж болохоор байна. Цаг хугацааны явцад энэ зөрүү аажимдаа багасах ч гэлээ Хятадын асар том ажиллах хүчний бэлтгэл базыг тооцоолж үзэх юм бол энэ зөрүү богино хугацаанд арилна гэж хэн ч итгэхгүй л дээ. Тиймээс цалингийн тал дээр хятадын хурд бусад улсаас нилээн удаан байх болно. Тухайлбал Японы 30-40 жилд бий болгосон амжилтанд Хятад 50-100 жил зарцуулж байж хүрэх болно. Хятад бас өөрийн уламжлалт аж үйлдвэрлэл дээрх давуу талаа урд хугацаанд удаан барих нь мэдээж. Гэхдээ түүний хажуугаар тэд хамгийн дэвшилтэт үйлдвэрлэл рүү ч хүч тавин орсон. Энэ нь тэд энэ салбарт өөрийн харьцангуй давуу талаа олж авч, хөгжингүй орнуудад шинэ сорилт, шинэ тэмцэл авчирна гэсэн үг юм.
Хятад цалингийн асуудал дээр хөгжингүй орныг гүйцэхийн тулд урт удаан хугацаа зарцуулна. Гэвч мэдээллийн технологийн хүчин чадлаа дээшлүүлэх тал дээр хүний санаанд багтамгүй хурд үзүүлж байна: Тэр Африк Америкийн, дундад зуун болон 21 дүгээр зууны гайхалтай зохицол үүсгэж, хүчирхэг хийгээд урт хугацааны хүчин чадлаар янз бүрийн зах зээл дээр аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, тэднийг урьд хожид байгаагүй, хүчтэй, хурдтай “Бүтээлчээр сөнөөх” үйл ажиллагаанд шахан оруулах болно. Ингэхэд Хятад хөгжингүй баян орнуудын хэмнэлийг өөрчилж, тэдэнд сорилт авчирч чадна гэж үү? Шинээр зохион бүтээх нь эвдэн сөнөөхтэй адил хурдан байж чадна гэж үү? Аж үйлдвэржсэн хөгжингүй улс орнууд “Аймшигт өрсөлдөгч”-өө булаалгасан хуучин үйлдвэрлэлээ нөхөхийн тулд хамгийн богино хугацаанд хамгийн хурднаар шинэ техник хэрэгсэл, үйлчилгээ, ажлын байр зохион бүтээж чадна гэж үү? David Richardo, Joseph Schumpeter нар өөрсдийн онолдоо үйл явцад дасан зохицох цаг хугацаа болон хурдны тухай орхигдуулсан бололтой. Цагийн уртад магадгүй тэдний онолууд Хятадад хэрэг болох байх. Гэвч одоогийн нөхцөл байдалд л лав хямрал, хуйлрал өнгөрснөөс хамаагүй их байна.
Ямартай ч Хятад ирээдүйн 20 жилд дэлхийн эдийн засгийн хувирал өөрчлөлтөд гол нөлөө үзүүлсээр байх нь тодорхой болчихлоо. Бүхэл цогцоор нь авч үзвэл Хятад тийм ч чухал биш л дээ. Хятадад дэлхийн нийт хүн амын 20 % нь амьдарч байгаа боловч дэлхийн нийт үйлдвэрлэлийн ердөө 5%-ийг эзэлдэг. Харин Америк энэ тал дээр хараа өндөр санаа зовохгүй байж болно. Учир нь тэдний хувьд энэ үзүүлэлт яг эсэргээрээ (Америкт дэлхийн хүн амын 5 % нь амьдардаг ба дэлхийн нийт үйлдвэрлэлийн 20%-ийг эзэлдэг.) бөгөөд тэдний тэргүүлэх байр суурь одоо ч хэвээрээ байна. Гэхдээ Хятадын эдийн засгийн хүчтэй огцом өсөлт айдас төрүүлэм, 20 дугаар зууны 80-аад онд Хятадын худалдааны эргэлт дэхийн нийт бараа эргэлтийн 1.5% тай тэнцэж байсан бол өнөөдөр энэ тоо 6 % болтлоо өссөн байна. Түүнчлэн зарим салбарт Хятад аль хэдийнээ голлох байр суурь эзлэх болсон. Хятад “Бүх дэлхийн үйлдвэрлэлийн цех” болж хувираад байна. Дэлхийн дугуй, DVD тоглуулагч болон тоглоомны зах зээлийн 70%-ийг дангаар хангаж, дижитал зургийн аппаратны 60% -ийг, зөөврийн компьютерийн 50%-ийг үйлдвэрлэх болсон. Үүнтэй зэрэгцээд Хятад жил бүр дэлхийн нүүрс, хөвөн, ган төмөр болон тамхины түүхий эдийн 1/3-ээс багагүйг хэрэглэж байна. Ирээдүйн он жилүүдэд Хятадын гэнэтийн огцом хөгжил зарим нэг сөрөг үр дагавартай тулгарч болох юм. Энэ тухай Америкийн зарим Хятадын асуудал судлаачид, тухайлбал Gordon G.Chang “Хятадын мөхлийн зам” (The coming Collapse of China) нэртэй ном бичсэн. Бусад бүх л хувьсгалуудын адил, Хятадын туулж байгаа хувьсал өөрчлөлт ч магадгүй улс төр, нийгэм санхүү болон орчны тэнцвэргүйжилт дагуулж болно. Хятад удахгүй тэр жилийн Зөвлөлт Холбоотой адил улс төрийн дотоод хямралтай нүүрлэнэ гэж тухайн үед маш олон хүн үзэж байсан. Бас зарим нь Японы санхүүгийн сүйрлийг давтах нь гэцгээж, харин өөр нэг хэсэг нь Америк маягийн эдийн засгийн давтамжит өгсөл буурлын үзэгдэл гарах нь гэж таамагласан. Хятадад экологийн томоохон сүйрэл болно гэж үзэх нэгэн ч байсан. Өнөөдрийг хүртэл 25 жил өнгөрөөд байна. Бодот байдал дээрх янз бүрийн таамаглалуудыг үгүйсгэсэн. Хятадын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцож үзэхийн бол хэзээ нэгэн өдөр осол аваарь гарлаа л бол энэ нь ганцхан Хятадыг биш дэлхийн эдийн засгийг ч улам л тогтворгүй болгоно.
“19 дүгээр зуун бидний хувьд доромжлолын зуун байсан. 20 дугаар зуун сэргэн мандалтын зуун басан. Харин 21 дүгээр зуун бидний манлайлах зуун болно.” Бээжинд энэ мэт бахархлын өнгө аястай үгийг хэдэндээ сонсож болно. Энэ үгс энгийн бодот үнэнийг өгүүлж байна: 1820 оноос өмнө Хятад дэлхийн хамгийн том эдийн засгийн гүрэн байсан. Хятад энэ түүхээ давтахыг хүсч байна. Энэ нь хүн амтай нь яах аргагүй нягт холбоотой. Санаа зовних, баярлах хөөрөх аль аль нь хэрэггүй. Учир нь энэ бол зүгээр л үнэн. Энэ зууны эдийн засгийн чухал үйл явдал. Тэр одоо манай Франц улсын эдийн засаг, хүмүүсийн амьдрал ахуйд гээд бүх л талаар улам ихээр нөлөлж байна: Литр бензин тутамд, үл хөдлөх хөрөнгө авах банкны зээл, хүмүүсийн цалингийн түвшин, ажлын бололцоо ба чанар, тэр ч бүү хэл өдөр бүрийн цаг агаарт хүртэл нөлөөлсөөр байна. Үүнээс хойш Хятадын сүүдрээс зугтах аргагүй боллоо. Зул сарын модны доор өрөөстэй бэлэг бол түмэн жишээ, буман баримтны зөвхөн нэг л төдий. “Хятад сэрэх үед, дэлхий чичирнэ” Энэ бол Наполеон Бонапартын алдарт үг. Аварга хүн хэдийнээ босоод иржээ, түүний алхаа газар дэлхийг донслогох нь алсаас сонсогдоно.

Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд
greentara.miniih.com
2009 оны 11 дүгээр сарын 26 өдөр 00:30
Шанхай хот

没有评论:

发表评论